Ш.Ганхөлөг: Ирэх онд дугаарын хязгаарлалтгүй болно

Автозамын түгжрэлийн асуудлаар Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн Ш.Ганхөлөгөөс төдрууллаа.

 

-Автозамын түгжрэлийг бууруулах тал дээр сүүлийн үед танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Жолооч нарын дунд судалгаа явуулахад хувь нь тодорхой ажлын шаардлагаар хотын төв рүү орж ирдэг гэсэн бол үлдсэн 30 хувь нь ямар нэгэн шалтгаангүй орж ирдэг гэсэн. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй машин, зам хоёрын тоо алдагдсан. Машин нь замаасаа олон болсон. Иймээс үүнийг шийдэх арга аргачлал нь урсах хөдөлгөөнөө тогтмол байлгах эсвэл машины тоонд хяналт тавих юм. Машины тоонд хяналт тавих асуудал дээр нэг машин нэг өдөр хөдөлгөөнд оролцдоггүй байх буюу дугаарын хязгаарлалтын асуудал хэрэгжиж байна. Харин Автозамын хөдөлгөөнийг тогтмол байлгах тал дээр өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн арга хэмжээг авсан байгаа. Тухайлбал, ойр ойрхон байрласан явган хүний гарцыг цөөлсөн, шар хайрцгийг хэрэгжүүлсэн, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан, зүүн эргэхийг хорьсон, ачаалал багатай хотын захын замууд дээр явган хүний товчлуурыг суурилуулж өгсөн, зам тавьж өгөөд баруун эргэх зэрэг түгжрэлийг бууруулах инженерчлэлийн аргыг хэрэгжүүлээд явж байна.

 

-Цаашид түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийх вэ. Олон улсын жишигт нийцсэн арга хэмжээнүүдийнхээ талаар?

 

-ЖАЙКА-гаас замын түгжрэлийг бууруулах тал дээр манайхтай хамтарч ажиллах санал тавьдаг. Үүнийхээ хүрээнд ачаалал ихтэй дөрвөн уулзвар дээр судалгаа тооцоолол, дүгнэлт гаргах ажлыг хамтарч хийж байна. Тэгэхдээ гэрлэн дохиог өөрчлөх болон чиглэлийг нь хэрхэн өөрчлөх тал дээр судалгаа хийж байна. Мөн нийтийн тээвэртэй холбоотой БРТ, Каркабель, Скай шапуль төсөл хэрэгжих гээд судалгааны ажил дээрээ явж байна. Нийтийн тээврийн хувьд парк шинэчлэл хийх цаг болсон. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл 2020 оны гуравдугаар үе гэхэд дугаарын хязгаарлалт гэдэг зүйл байхгүй болно гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

-Ирэх онд нийтийн тээврийн асуудал шийдэгдлээ гэж бодоход дугаарын хязгаарлалтыг алга болгох ямар боломж байгаа юм?

 

-Хотын дөрвөн захад машины том зогсоолыг бий болгоно. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн машинаараа хотын төв рүү орж ирэх шаардлагагүй тэр зогсоолд машинаа байрлуулж хотын төв рүү нийтийн тээврээр орж ирдэг болно. Харин тодорхой хэмжээний бүсчлэлд төлбөрийн систем нэвтрүүлнэ. Тэрхүү зогсоолоос дотогш машинтайгаа нэвтрэхийн тулд мөнгө төлдөг болгоно. Харин төлбөрийн нөхцлийн хувьд нэгжээр, интернэт болон мобайл банкаар эсвэл машин дээр нь түр данс нээх үү гэдэг талаар олон зүйлийг судалж байна. Цаашид хийх ажлуудад бол ТЦА, Нийслэл Засаг даргын тамгын газар, инженерийн газар хамтран хэд хэдэн төслүүдийг хийх гэж байна. Олон улсын жишгээс хэрэгжүүлж буй хэд хэдэн ажлууд байгаа түүний нэг нь Паркын зогсоол. Нэг машины зогсоолд гурван машин зогсооно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл давхар машины зогсоол гэсэн үг юм.

 

-Иргэдийн зүгээс дугаарын хязгаарлалт болон бүсчлэлийн асуудлын талаар сонирхож байна?

 

-Замын түгжрэлийг бууруулах төслийн нэгээхэн хэсэгт дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох талаар яригдаж байсан. Судалгааны үе дээрээ явж байсан зүйл задарсан. Судалгааны үндсэн дээр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгохгүй болсон байгаа. Харин бүсчлэлийн асуудал дээр иргэдийн санал асуулгаар 65 хувь нь дэмжээгүй учир дээрх хоёр асуудал дахин сөхөгдөхгүй.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.Баяржавхлан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button