Өнөөдөр дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр

 

Дэлхий нийтээрээ жил бүрийн XII сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол 26 жилийн өмнө бүртгэгдсэн бөгөөд уг халдварын улмаас 42 хүн амь нас баржээ.Энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.

Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

ХДХВ-ийн халдвар:

– Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

– Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

– ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр … халдварладаг байна

Шинж тэмдэг:

-ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.

Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед Илрэх шинж тэмдгүүд:

– Биеийн жин буурах

– Байнга ядрах

– Шөнө хөлрөх

– Хүзүү, суга, цавины булчирхай томрох

– Амьсгаадах, хий ханиах

ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Илрүүлэх арга:

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.

Эмчилгээ:

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга замууд:

– Хосууд бие биедээ үнэнч байх

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих

– Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэ

– Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button