МАН-ынхан Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагана

МАН-ын Удирдах зөвлөлөөс олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгах чиглэлийн МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Харин маргааш  15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батлах чиглэлтэй байна.  

Зарим улстөрчдийн зүгээс томсгосон мажоритар тогтолцоог хамгийн муу хувилбар гэж дүгнэдэг. Учир нь сонгуулийн цөөхөн хоногийн сурталчилгааны хугацаанд дэд бүтэц хөгжөөгүй хөдөө орон нутгаар нэг бүрчлэн явах, хөрөнгө мөнгө тоймгүй ихээр цацах сонгуулийн үйл явц тэдэнд ээлтэй биш хэмээх бий. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явагдсан сонгуулийн үр дүнгийн талаар мэдээллийг хүргэе. 

1992 оны сонгууль

Анхны УИХ-ын сонгууль 100 хувь мажоритар буюу нэр дэвшигчдийг сонгох хэлбэртэй байсан бөгөөд  МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан.  Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН – 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл – 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.

1996 оны сонгууль

Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.

2000 оны сонгууль

Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.

2004 оны сонгууль

Тогтолцоо мөн л мажоритар. МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.

2008 оны сонгууль

Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль болж МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.

2012 оны сонгууль

48+28 холимог тогтолцоогоор явуулж Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.

2016 оны сонгууль

Сонгууль жижиг мажоритараар явагдаж МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button