Н.Энхбаяр сонгох, сонгогдох эрхээ нэхлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж саяхан эхэллээ.  Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх өнөөдрийн чуулганы хуралдаан сонгогдох эрхээ нэхсэн нэхэл, шаардлагуудаар эхэлсэн юм. Чуулганы хуралдаан болохын өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын хамт Төрийн ордонд орж ирж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Сонгуулийн багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзсан юм.

Учир нь  Төрийн  байгуулалтын байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр О.Баасанхүү нарын  гишүүд     “Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж байнгын хороогоор дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй  нэр холбогдсон ч шүүхээр ороогүй эрх баригч намынхан хийгээд Ц.Элбэгдорж тэргүүтнүүдэд огт хамаарахгүй. Харин хэлмэгдэж, хилс хэрэгт ял шийтгүүлж, сонгогдох эрхээ удаа дараа зөрчүүлж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалтыг  Сонгуулийн тухай хуульд оруулан  батлуулах гэж  байгаа үйлдэл гэдэг нь хэн хүнд ойлгомжтой байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч гэсэн үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн миний ч бус бусад хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэдэг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзаж  байр сууриа илэрхийллээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хуулийн заалтын талаар асуусан сэтгүүлчийн асуултанд  хариулахдаа “Энэ асуудал бүлгээр огт яригдаагүй. Ер нь бол өргөн барьсан хуулийн төсөлд ч тийм байгаа. Ажлын хэсэгт ч тийм байсан. Ялаа эдлээд дууссан, ялгүйд тооцогдсон бол тэр хүнийг дахиж ялтайд тооцох юм уу, эрхийг нь зөрчиж, нэр дэвшүүлэх эрхийг нь хааж болохгүй” гэсэн байр суурьтай байгаа. Хүн тухайн үед гэмт хэрэгт холбогдож ял авсан бол түүнийгээ эдлээд дууссан бол насан туршдаа эрхээ хаалгаж болохгүй. АНх хуулийн төслийг ийм байдлаар өргөн барьсан. Ажлын хэсэг ч ингэж үзсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр манай зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал хураалгаж дэмжигдсэн зүйлүүд байгаа. Одоо чуулганаар ярих байх” гэв. Тэгвэл чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцэн хуралдааны  танхимын үүдэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамтран “Ялгаварлахаа зогсоо”, Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг олго” гэсэн бичиг бүхий хуудсуудыг барин зогсч шаардлага тавьж байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Ч.Зотол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button