Эмэгтэйчүүд хийгээд Н.Энхбаярт ээлгүй сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдах, иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх, сонгуулийн сурталчилгаанд сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим орчин ашиглахдаа төлөх төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгуулийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг дэмжсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Мөн Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ажлын хэсэгт ирүүлсэн саналуудаас Байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Тухайлбал, Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.” “Ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно" гэсэн заалтыг гишүүд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан гишүүн О.Баасанхүүгийн гаргасан “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” зарчмын зөрүүтэй саналтай холбоотой маргаан үүссэн юм. Уг зарчмын зөрүүтэй саналыг "МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж гаргасан" гэх улстөржилт явж байгааг О.Баасанхүү гишүүн онцлоод "Би нэг хүнд биш нийтэд зориулж энэ саналыг гаргасан" гэдгээ тодотголоо. Уг саналаар нь санал хураалт явуулахын өмнө Т.Аюурсайхан "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдүүлсэн гэсэн заалтыг нэмэх санал гаргасан юм. Энэ бол нэр дэвших төрийн албан хаагч нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх, өргүй байх гэдэгтэй адил зүйл. Үүргээ биелүүлчихээд эрхээ эдлэх ёстой" гэсэн юм. Т.Аюурсайхан гишүүний энэ саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Мөн шийдвэр гаргах түвшинд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх горимын саналыг УИХ дахь эмэгтэй гишүүдээс гаргасан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квотыг 20 хувийг 30 хувьд хүргэх юмсан гэж хичээж байна. Нийгмийн харилцаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй ажиллаж байна. Нөгөө талдаа УИХ-аар баталсан жендерийн тухай бусад хуулиудад тусгалаа олсон шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчид хэлсэн ярьсандаа хүрээсэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа шийдвэр гаргах түвшинд 20 хувиар орж ирж байгааг бид 30 хувь болгох саналтай байгаагаа хэллээ. Уг саналтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү дэмжиж байгаагаа илэрхийлэв. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг саналыг дэмжигдээгүй байна. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ 30 хувь нь эмэгтэйчүүд байхыг дэмжээгүй байнгын хорооны саналыг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх нь байнгын хорооны саналыг дэмжсэн тул уг санал уналаа. Тиймээс хуулийн төсөлд тусгасан улс төрийн намуудаас нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх заалт хэвээр үлдсэн юм.
П.ГОО
Оллоо.мн