12 сарын аюул буюу архинаас татгалзъя

Тун удахгүй шинэ он гарах мөч ойртсоор албан байгууллага бүр шинэ жилийн үдэшлэгээ зохиож өнгөрч буй оныхоо ажил үйлсийн алдаа оноог хэлэлцэж ирж буй оныхоо төлөвлөгөөг ярилцан энэ жилийн шилдэг ажилчдаа алдаршуулан шагнаж байна.

Манайхан аливаа баяр ёслолыг жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Ингэхдээ бар, рестораныг бүхэлд нь түрээслэн авч хэдэн цагийн турш ууж, идэн наргиж цэнгэн өнгөрүүлдэг. Тэгвэл ингэж наргиж цэнгэсний дараа золгүй явдал тохиолдох нь эрс ихэссэн тухай албаныхан анхааруулсаар байна. Өвлийн хүйтэнд баярын нимгэн хувцас өмссөн иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэртээ харих замдаа гудамжинд унан осгож нас барсан тохиолдол гарч байсан.

Дээрх хэргээс үзэхэд манайхан баяр ёслол болохоор л ууж идэхээ урьтал болгодгоосоо болж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа нь туйлын харамсалтай. Олонд мэдэгдсэн нь энэ болохоос баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснийхээ улмаас наад зах нь хөл гараа хөлдөөхөөс эхлүүлээд эрүүл мэндээрээ хохирох нь наад захын асуудал болжээ.

Дээрх хэрэг шиг гудамжинд унан осгодоггүй юмаа гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд хоорондоо хэрэлдэж муудалцан бие биенийгээ гэмтээх тохиолдлууд ч цөөнгүй. Ингээд зарим нэг нь баярынхаа дараа эмнэлэгт, харин нөгөө хэсэг нь эрүүлжүүлэхэд орсноор төгсдөг болж. Эндээс харахад манайд баяр ёслолыг боловсон тэмдэглэх соёл дутаад байгаа нь илт.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button