Н.Чулуунбат: Янцгаах нь хүртэл хуур хүнгэнэх шиг адуу сайхан амьтан даа

Угтал үг

Дундговь аймгийн Дэрэн сум адуутай хурдтай, алдартай сайн уяачидтай нутаг. Нэгдэл гэж их айл байхад нэрд гарсан сайн адуучин олон байсныг мэдэх юм. Б.Шийрэв, Ж.Амгаланбалжир, Базьяа, Банзай гээд л яригдах. Тэдний нэг нь “Моохор” хочит Д.Намжилмаа гэж бие багатай ч бэлчээр томтой нэгэн хүн байлаа. Насаараа адуу малласан бас уургач, уяачаараа нэлээн түрүүнд хэлэгддэг нэгэн байсан. Тэгвэл тэдний хоёр хүү Н.Чулуунбаатар, Н.Чулуунбат нар эцгийнхээ шийрийг хатааж яваа өнөө цагийн сайн малчид юм. Цантын хойд хэц Шороот Хаданхошуу цаашлаад Онгон, Замын төгрөг, Жирэм гээд тэднийхний идээшиж дассан нутаг. Н.Чулуунбаатар, Н.Чулуунбат нар хоёул 1000 давсан малтай, үр хүүхдээр өнөр сайхан айл явна. Нэг эцгийн хоёрт хараад андуурам дүр төрхөөс нь эхлээд ижил юм олон. Хоёул “мянгат малчин” хэд хэдэн азарга адуутай бас аймгийн алдарт уяач цолтнууд. Ногоо цухуйж, бут нүдэлсэн хаврын цагаар Онгоны цагаан овоод хаваржиж байгаа Н.Чулуунбатынд очлоо. Түүнтэй урьд таних ч тэгж лавлан уулзаж үг яриаг нь сонсож байсангүй л дээ. Энэ удаа харин тухлан ярилцах завшаан олдлоо Н.Чулуунбаттай ярилцаж байхад жирийн малчин хүний үг ямар үнэтэйг, тэр нь аливаад хар, цагаангүй зөв үнэлгээ байдгийг бүр ухаарсан минь. Бидний яриа ийнхүү өрнөсөн юм.

 

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан, сайхан хаваржиж, сайн явж байна уу?

-Өөртэй чинь бүр сайн танилцмаар байна л даа.

-Дэрэн сумын III багийн малчин Чулуунбат гээд үү.

-За тиймээ. Өдий зэрэгтэй малчин болтлоо ямар зам туулав даа?

-Би долдугаар ангиа төгсөөд л ХЗЭ-ийн илгээлтээр аавыгаа дагаж малчин болсон доо. Адуу голдуу мал малласан. Цөөн жил үхэрчин байв даа.

Цэргийн гурван жилийг хаслаа гэхэд 40 гаруй жил буянт малаа дагаж амьдарлаа. Энэ Л.Чулуунпүрэв гэдэг эмэгтэйтэй 1982 онд гэр бүл болсон. Зургаан хүүхэдтэй ийм л…

-Танайх хэчнээн малтай байна даа. Төллөх мал олон биз?

-Ер нь жилийн жилд 1300-1400-д хэлбэлзэлтэй малтай л байх боллоо 300 гаруй бог мал төллөөд дууссан. Тавиад гүү унагална. Одоо 20-иод унагатай болоод байгаа.

-Ямаа хэр ихэрлэж байх юм?

-Манайд ямаа ихэрлэх нь цөөн. Зарим айл 60 ямаа төллөхөд 59 нь ихэрлэлээ гэж дуулдах юм. Сонин хэрэг.

-Малаа өсгөөд л байя гэж боддог уу?

-Буянт мал өсгөх сайхан. Гэхдээ миний хувьд тоо толгойг нь нэгэн хэмд барих бодол байдаг. Бас шилмэл малтай болох гэж энд тэндээс азарга, хуц, ухна олж авсан удаа бий. Адуугаа хурдан удмаар, хонио Баянцагааны илүү нугаламтай омгоор, ямаагаа Баяндэлгэрийн улаан ямаагаар үржүүлсэн. Тэр дотор сүүлийн жилүүдэд “Говийн бизнес” гэдэг төсөлд хамрагдснаар ямаагаа ноолуурын чиглэлээр өсгөж ирлээ.

-Ноолуур сайтай ямааны үр шимийг үзэж байгаа юмаа даа?

-Яахав. Улаан ямааны ноолуур өнгө цагаан, макрон сайтай нь үнэн. Гэхдээ ноолуур нь нарийн макрон сайтайг малчин бид анхаараад ч төдийлэн үр дүнтэй биш. Уг нь ноолуур чинь эр, эм ямааных, шүдлэнгийнх гэж ялгаатай, тэгээд өөр өөр үнэтэй байх учиртай юм билээ.

Гэтэл манай улсад хар цагаанаар нь ялгахаас бусад төрлийг нь мэддэггүй юм шиг байна. Саяхнаас цагаан, хар гэж ялгах болж дээ. Баяндэлгэрийн улаан ямаанаас 300 грамм сайн ноолуур авдаг. Тэгвэл “Дон” үүлдрийн ямаанаас 700 грамм түүнээс илүү хэмжээний ноолуур гардаг болохоор малчид тэр их ноолуур гардаг ямааг өсгөх сонирхол байх шиг байдаг. Дээрээсээ засгийн бодлого нь алдаатай болохоор ийм л байгаа юм л даа.

-Ноолуурын ширхэг нарийн макрон сайтай гэж ярьдаг. Үүнийг малчдын хувьд яаж мэддэг юм бэ?

-Ноолуурыг сунгаад татахад сунжралдаад сунаад байвал тэр нь макрон тааруу гэж үздэг. Харин сунгахаар ойр ойрхон тасраад байвал тэр сайн чанартай гэсэн үг. Амьдралын туршлагаас үүнийг олж мэдсэн.

 


ХАЧИР ҮГ

Н.Чулуунбат ярихдаа би хоёр нийгэмд амьдарч үзлээ. Гэхдээ малчин бидэнд төр, засгийн бодлого, чиглэл зөв байвал бусад нь хамаа алга. Өөрийн л сэтгэл зүтгэл чухал юм даа гэж хэлнэ лээ. Ер нь тэр бодолдоо тээж явдгаа, санаж сэтгэдэг юмаа хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр хэлж чаддаг хүн юм. Мал, адуугаа бол алган дээрээ тавиастай юм шигээр мэднэ, хэлнэ.

Тэгж байснаа төр, засаг зармдаа итгэмгүй, биелэхээргүй шийдвэр гаргачих юм. Харахгүй юу. Сая ноолуур кг нь 100 мянган төгрөг гэж шийдвэр гаргаад малчин бидэнд зөндөө садаа хийлээ. Эхний шийдвэрээ зөвтгөх гэж оролдоод ч нэмэр нь бага шиг байна. Мэддэг чаддагаа зөвөөр ашиглаж, ажилладаг сайд, дарга нар жаахан ховорджүү дээ. Айхтар өвчин гарчихсан хэцүү үед сонгууль хийнэ л гэх юм. Бэлтгэл ажил нь юу болох юм мэдэхгүй. Оюутолгой, таван толгой гээд л их ярих. Тэнд удирдлагад нь тавигдсан хүмүүс нь буруудсан  гэх юм. Бодлогын алдаагийнх болов уу.

За даа. Жирийн малчин, молхи миний хувьд ийм юм яриад байх ч хаашаа юм. Гэхдээ юу ч хэлэхгүй байх гэхээр дотор өвтгөөд байх нь хэцүү юм гэлээ. Шинэ цагийн малчин Н.Чулуунбат ийм л бодолтой явдаг юм байна л даа.


 

-Одоо хоёул жаахан адуу ярих уу даа?

-Муу аав минь Д.Намжилмаа гэж сайн адуучин, сүрхий уяач хүн байсан болохоор би чинь адууны тэнгэр шүтэж явдаг хүн юм шүү дээ. Аав минь нэгдэл байгуулагдхад “шорон хуруу” Хайнзан гэдэг хурдтай хүний нийгэмчилсэн адууг голлон малласан. Тэндээсээ олон сайхан хурдан буян тодруулсан хүн. Нэгдлийн халзан гэж хурдан буян байлаа. Аав түүнийг бас олон морь тодруулж гаргасан. Тиймээс би чинь адуу гэхээр хийморь сэргэх шиг болдог. Моринд дуртайдаа адуугаа хурдны чиглэлээр өсгөх гэж Сүхбаатар, Мөнххаан, Халзан, Онгоноос адуу авч байлаа.

Бас Баянцагаан адуу ч авсан. Нутгийн сайн уяач Д.Цэлхээ гуайн угшлын адуу бий. Эцгийн маань унаган морьд ч хурдан л байдаг.

-Ер нь аль нь хурдан байх юм бэ?

-Аль нь ч хурдтай. Адууны цус холилдож байж сайжирдаг юм шиг байна. Аавд маань байсан шилийн борнууд угшлын адуу хурдан юм даа. Шил адуу энэ жил үүлдрээр батлагдсан дуулдана лээ.

-Өөрийгөө хэр уяач гэж бодож байна даа?

-Би хар залуугаасаа морь уясан хүн. Тиймээс ааваас болон бусдаас сурсан мэдсэн, мэдрэмжийн юм бас байгаа байлгүй гэж боддог. Үр дүн нь гэвэл морь сайн давхих. Аймаг сумын наадмаас 50-иад түрүү, айраг авч дээ.

-Улс, бүсийн наадамд уралдаж байв уу?

-Улсын наадамд очиж байгаагүй. Бүсийн наадамд нэг хоёр удаа явсан. Анх Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Нууц товчоо”-ны 750 жилийн ойн том наадамд хоёр морь хөлөөр нь хөтөлж очоод уралдлаа. Их насны морь маань 500 морь уралдахад есд давхисан бол хонгор үрээ 37-д ирж байлаа. Хамт явсан хашир уяач Д.Цэлхээ, Ч.Арьяабазар нар намайг их тоосонд урамшиж байсан шүү.

-Өөрт чинь ямар хурдан морьд байдаг вэ?

-Манай эцгийн унаган хүрэн азарга байна. Өнгөрсөн жил суманд аман хүзүүдсэн нэг хүрэн морь бий. Сүхбаатарын Түвшинширээгийн монгол хээрийн эзэн “хамар” Пүрэвдоржийн адууны хээр азарга авчирсан. Түүний төл бага адуунууд гайгүй давхиж байна. Бас Баянцагаанаас Бүүвэй Банзрагчийн толбот улаан, Гальширын Насан-Очирын өлгөр гэх омгийн угшлын адуу надад бий. Ер нь энэ адуу манай нутгаар зөндөө тархсан. Өвгөн ламын Батбуянгийн унаган адуу ч надад бий. За тэгээд морь дагасан хүн олон найзтай болж газар газрын хурдан удмын адуу цуглуулдаг “өвчтэй” болдог шиг юм байна л даа.

-Уяачийн хувьд багш чинь хэн бэ?

-Эхэнд нь аавыгаа хэлнэ. Миний аав соёолон моринд л сайн хүн байсан даа. Болж өгвөл түрүү, айрагт хурдлуулж байлаа. Бас Үржинханд гуайгаас чамгүй юм сурсан. Багшаа гэж бодддог. Одоо бол үйлээс, үгнээс нь юм сурмаар хүн манай Х.Намсрай гуай байна. Алив насны морь уях арга тэр дотроо морины хөндүүр гаргах, хатгахад тун сайн хүн. Өөрөө ч юм асуухад харамгүй хэлж өгдөг юм. Түүнээс бага сагаар сурахыг хичээдэг.

-Морины хатуу зөөлөн уяа гэж ярих юм. Энэ талаар…?

-Хатуу уяа гэдэг нь монголчуудын уламжлалт арга юм даа. Сүүлийн үед зөөлөн уяа гэх болж. Энэ нь нэмэлт тэжээл энээ тэрээгүй бол уралдахгүй гэсэн үг юм болов уу. Ер нь мөнгөтэй хүний морь хурдан болсон гээд байгаагийн цаана юм юм л бий байх шүү. За тэгээд хэлний загатнаагаа гаргаж их л ярьчихлаа. Авахыг нь авч хасахыг нь хасна биз. УИХ-ынхан шиг чөлөөтэйхөн бурлаа даа. Морь мал ярих юм бол хэдэн цаг ярьсан ч уйдахгүй ээ. Адуу гэдэг янцагаах нь хүртэл хөдөө талд хуур хүнгэнэх шиг дэндүү сайхан амьтан даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Цэрэннадмид

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button