Н.Номтойбаярыг намнах төлөвлөгөө бүтэлгүйтэх үү

Ганц хүнд зориулсан “төлөвлөгөө”-г тэд боловсруулан хэрэгжүүлж байна. Тэдний “төлөвлөгөө” хэрхэн шат дараатай хэрэгжиж байгааг олон нийт харж байна. Тодотгон хэлбэл, тэд зөвхөн Н.Номтойбаярт зориулан боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.
Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдэж, 31 мянган хүний гарын үсэг цуглуулж, улс төрд шинэ түүхийг бичсэн. Үүнтэй зэрэг түүнийг харлуулж, гүтгэж, гэмт хэрэгтэн бүтэлгүй нэгэн гэх өнцгөөр харуулахаар зорилго тавилаа. Зорилгоо гүйцэлдүүлэхээр Н.Номтойбаярыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хорьж орхисон юм. Хамгийн хачирхалтай нь дараагийн шүүх хурлыг сонгууль дуусахтай зэрэгцэн хийхээр товлосон байх. Ингэж түүнийг өрсөлдөөний талбараас шударга бусаар гаргав. Гэхдээ хууль төлөвлөгөө боловсруулагчдын талд үйлчлэхгүй.
Хэдийгээр шүүхээс Н.Номтойбаярыг хорих шийдвэр гаргасан ч СЕХ нэр дэвшигчээс хасахгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар СЕХ-ны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй шүү дээ. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэсэн юм. Нэг үгээр тэдний төлөвлөгөөний дагуу улс төрийн зорилгоор түүнийг цагдан хорьсон ч нэр дэвших эрх нь нээлттэй.
Мөн хуулийн дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн хүнийг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглодог. Гэвч түүнийг цагдан хорих шийдвэр гаргав.
Өнөөдөр 2020 оны сонгуульд нэр дэвшигчид СЕХ-оос батламжаа гардаж байна. Харин бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр цагдан хоригдож байгаа. Тэр хорих ангиас сонгогдох эрхээ эдэлнэ. Тэд улс төрийн зорилгоор Н.Номтойбаярыг намнах төлөвлөгөө боловсруулсан ч хуулийн дагуу бүтэлгүйтнэ гэсэн үг. Үйл явц хэрхэн үргэлжлэхийг хэдхэн цагийн дараа харна. Учир нь хуваарийн дагуу бие даагч Н.Номтойбаяр хэдхэн цагийн дараа батламжаа гардах ёстой.
О.ОНОН