Б.Нямтайшир: Миний хүүг суллахгүй бол эцэг хүний хувьд түүний дуу хоолой болж сонгуулийн ажилд нь идэвхийлэн оролцоно

Тиймээс өнөөдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос авах боломжгүй учир Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир авч байна.
Тэрбээр хүүгийнхээ нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-оос авсны дараа “Миний хүү Н.Номтойбаяр өөрийн биеэр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авах боломж олдсонгүй. Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, хуулийн зүйл заалтаа тууштай шударга баримталсан СЕХ-ны дарга гишүүдэд талархалаа илэрхийлэх нь зүйтэй. Нэр дэвшигчийнхээ тогтоолыг гардаж авсан байхад цагдан хорих шийдвэр гаргалаа. Энэ бол МУ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2 дугаар заалтыг зөрчсөн. Ардчилсан үндсэн хуулиа тунхагласнаар 28 жил болж байна. Харамсалтай нь ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос өрсөлдөхөөр болж байна. Энэ бол зөвхөн түүний эрх чөлөөг боогдуулаад зогсохгүй нийслэлийн Хан-Уул дүүргийн сонгогчдын эрхэнд халдаж байна.Өнөөдөр эрх мэдэлтний үзгийг хууль мэт ойлгож түүнийг хууль мэт хэрэглэдэг гажуудал Монголын нийгэмд тогтжээ. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй. байх ёсгүй. Шүүх засаглал нь бие даасан, хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсад үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэнч шударгаар ажилласан иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлтнээ барьдаг, хорьдог ял өгдөг жишиг нэгэнт тогтжээ. Өнгөрсөн зуунд Монголын түүхэнд тохиолдсон бүх хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдгийг Монголын ард түмэн мэднэ. Энэ цаг 20 дугаар зуунтайгаа дууслаа гэж бодож явсан. Гэтэл өнөөдөр өндөр нарийн зохион байгуулалттай шинэ цагийн хэлмэгдүүлэлт ирж байна. Энэ хэнийг ч ялгахгүй. Чингэлтэй дүүргийн шүүгч Рэнцэнхорол "Хэрэв СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би өөрийн гаргасан шийдвэрээ эргэн харна" шүүх хурал дээрээ хэлсэн юм билээ. Үүнийг л харах л үлдлээ. Шүүгч шийдвэрээ эргэн харах л үлдлээ.
-Хэрвээ суллахгүй бол яах вэ?
-Хэрвээ миний хүү Н.Номтойбаярыг улс төрийн зорилгоор суллахгүй бол би эцэг хүний хувьд түүний дуу хоолой болж сонгуулийн ажилд нь идэвхийлэн оролцох болно. Тэнцвэргүй байдлаар сонгуулийн гараагаа эхэлж байна. Миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн МАН-ын эгэл жирийн гишүүд та бүхэн талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.