Дорнод аймгийн иргэд Н.Номтойбаярыг хорьсон асуудалд байр сууриа илэрхийллээ

Өнгөрсөн сарын 28-ны өдөр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч цагдан хорьсон.
Тэгвэл түүнийг цагдан хорьсон асуудлыг Дорнод аймгийн иргэд эсэргүүцэж, холбогдох албаныханд хандана гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс Н.Номтойбаярыг цагдан хорьсон нь зориуд сонгуульд оролцуулахгүй байхаар зохион байгуулагдаж байгаа нь улс төрийн зорилготой хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ.
Тэдний байр суурийг хүргэе.

Ахмадууд бид тэмцэнэ
Дорнод аймгийн ахмадын холбооны дарга Н.Төмөр: Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг бие даагчаар нэрийг нь бүртгэчихсэн байсан. Гэтэл энэ хүнийг гэнэт л бариад хорьчихлоо. Мэдээллийг бид хэвлэлээс маш шуурхай авч байна. Энэ хууль ёсны зүйл үү. Үүний учир холбогдлыг бид тодруулж мэдэх хэрэгтэй боллоо.
Манай Дорнод аймаг 14 сумтай. Аймгийн 14 сумдын ахмадууд энэ үйл явдлыг эсэргүүцэж байна. Миний хувьд Дорнод аймгийн Ахмадын хорооны тэргүүн, насаараа нам дагасангүй, аль нэг намын харьяат явсангүй. Гэхдээ Н.Номтойбаяр гишүүний хувьд биднийг Улсын тэргүүний ахмадын хороотой болоход их хувь нэмэрээ оруулсан хүн. Түүний ачаар бид улсдаа дээгүүр үнэлгээ авсан байдаг шүү. Хэн ч үгүйсгэж чадахгүй.
Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой асуудлыг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсоод л байна. Яг нэр дэвшиж байхад барьж хориод л, эрхийг нь хасаад, хууль бус юм хийгээд байгааг манай ахмадууд эсэргүүцэж байна. Хууль бус зүйл хийгдээд байхад чимээгүй суумааргүй байна. Бид холбогдох хүмүүст хандаж, эсэргүүцнэ гэж бодож байгаа.

Улстөрийн зорилгоор цагдан хорилоо гэж бид харж байна
Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн иргэн О.Сарантуяа: Н.Номтойбаяр гишүүний хувьд улс төрд төлөвшсөн хүн. Амласнаа биелүүлдэг. Бид бол тэр хүний сайн мэднэ. Тойрогтоо их юм хийсэн. Харин энэ сонгуулиар хотод нэр дэвшихээр боллоо гэсэн. Гэтэл сонгуулийн хугацаанд өөрийг нь байлгахгүй байхаар ажиллагаа явуулчихлаа. Яг ямар гэмт хэрэгт холбогдчихлоо гэх зүйл алга. Улс төрийн зорилгоор цагдан хорилоо гэж бид харж байна. Бид бол гайхаж байна. Гишүүн “Ард түмэн намайг мэдэж байгаа” гэсэн байна лээ. Тэр үгэнд нь их баярлаж байгаа. Бид гишүүнээ ямар хүн бэ гэдгийг мэднэ. Манай аймгийнхан ямар нэг хөдөлгөөн өрнүүлэх байх. Залуучууд зүгээр суухгүй байх.

Ямар ч үндэслэлгүйгээр цагдан хорьж байна
Дорнод аймгийн Хэрлэн сумын II багийн иргэн Ч.Хүрэлбаатар: УИХ-д нэр дэвших эрхийг нь хааж боогдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ямар ч үндэслэлгүйгээр хорьж байна. УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн арга гэж бодож байна. Дараагийн шүүх хурлыг нь зургадугаар 26-нд товлосон байна. Энэ бол түүнийг сонгуульд оролцуулахгүй байх л санаа. Залуу хүнийг ингэж хааж боогдуулж байгаа нь буруу юм. Шүүх нэг талд үйлчилж байгаа нь тодорхой байна. Н.Номтойбаяр гишүүн Дорнод аймаг их юм хийсэн. Цаашид их юм хийх хүн. Гэтэл улс төрийн зорилгоор хоригджээ. Бид гайхаж байна.

Түүнийг хорьсон нь сонгуульд оролцуулахгүй гэсэн санаа байх
Хэрлэн сумын иргэн Г.Баасансүрэн: Сошиалаас л мэдээлэл аваад байна л даа. Улс төрийн зорилгоор хорьсон гэдэгтэй бид санал нийлж байгаа. Сонгуульд оролцуулахгүй л гэсэн санаа байх. Үүнийг бол эсэргүүцэж байна. Ийм юм хийж болохгүй байх.
О.ОНОН