Чингэлтэй дүүргийн шүүх СЕХ-г үл тоомсорлож, хуулийн дээгүүр хээвнэг алхаж алхаа тогшлоо

УИХ-ын сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Найм дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Сонгуулийн үйл ажиллагааг СЕХ зохион байгуулдаг. Сонгуулийн цөөхөн хэдэн хоногт Монголын төрийн бараг бүх эрх энэ байгууллагад төвлөрдөг юм. Хуулиар үүнийг баталгаажуулсан. Гэвч энэ удаагийн сонгууль эхлэхээс УИХ-ын сонгуулийг СЕХ биш нэг дүүргийн шүүх зохион байгуулж, СЕХ-ны эрхийг хэрэгжүүлэв. Урьд өмнө явж ирсэн СЕХ-ны мэдлийн асуудал шүүх байгууллагын шийдвэрээр явж байдаг боллоо.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх 81 тоот тогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-нд гаргасан. Гэтэл үүнээс гурав хоногийн дараа Чингэлтэй дүүргийн шүүх Н.Номтойбаярыг цагдан хорих тогтоол гаргачихав. Тухайн үед шүүгч “Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан уу” гэж асууж, харин Н.Номтойбаяр “Үгүй” гэжээ. Ингээд л шүүгч алхаа тогшчихсон байгаа юм. Гэтэл СЕХ-ын 81 дүгээр тогтоолоор Н.Номтойбаярын нэр дэвшигчийн бүрэн эрх баталгаажчихсан байдаг.

Үнэмлэх авна гэдэг дараагийн асуудал юм. Тэр үед нь СЕХ-ны албан тушаалтан “Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй шүү дээ. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана” гэж мэдэгдэв. Үнэхээр ч тийм байсан. СЕХ-ноос заасан хугацаандаа Н.Номтойбаярт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн 587 дугаартай үнэмлэхийг гардуулав. Нэр дэвшигч шоронд учир аав нь очиж гардсаныг нийтээрээ харсан.

Тэр даруйд нэр дэвшигч Н.Номтойбаярын хуулийн төлөөлөгч нь суллуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хариуг нь энэ сарын 4-ний өдөр өгчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр хариу бичигтээ Н.Номтойбаярыг шүүх хурал хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 26-ныг хүртэл цагдан хорьсон байна. Иймд та бүхний хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хэлэлцэх боломжгүй” гэжээ. Ёстой юу ч гэхэв дээ гэмээр, цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын хуулийг шүүх ингээд тэс хөндлөн зөрччихөв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар үйл ажиллагаагаа бие дааж, хараат бусаар явуулах ёстой СЕХ-ны бүрэн эрхэнд шүүх халдав. Уг нь дээрх хуулиар СЕХ хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон.

Мөн СЕХ нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад туслах үүрэг бүхий төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай баримт, мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож, хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх бүрэн эрхтэй юм. Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхийг хамгаалж, сонгуулийг шударга явуулах үүрэгтэй лут эрх мэдэл шүү дээ.

Түүнчлэн СЕХ-ы гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гээд тангараг өргөдөг. Гэвч нэг дүүргийн шүүх нэр дэвшигчийг нь “хулгайлж” хорьчихоод тавьдаггүй. Тодруулбал, СЕХ хуулийн дагуу хүлээн зөвшөөрч, нэр дэвшигчээр бүртгэж тогтоолоор баталгаажуулж, үнэмлэхийг нь гардуулаад байтал Чингэлтэй дүүргийн шүүх нэр дэвшигчийг нь хорьчихоод тавьдаггүй.

Яг үнэндээ нэр дэвшигч Н.Номтойбаярт ч эрх бий. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно”, “.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, “Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно”, “орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэжээ.

Гэтэл шүүх Чингэлтэйн Эрүүгийн хэргийн шүүх Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль дээгүүр хээвнэг алхаж алхаа тогшлоо. Хамгийн гол нь СЕХ-г үл тоомсорлож, Монголын ард түмний сонгох, Н.Номтойбаярын сонгогдох эрхэнд халдаж байна. Нэр дэвшигч Н.Номтойбаяр хуулиараа бол шоронд бус сонгуулийн сурталчилгаагаа хийгээд явж байх ёстой юм. Хамгийн ноцтой нь СЕХ өөрийнхөө бүрэн эрх, нэр дэвшигчийнхээ төлөө ганц ч үг дуугарсангүй. Бас Чингэлтэйн шүүхэд ганц ч удаа хууль сануулсангүй.

С.Дорж

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button