Сэргэн мандаж буй Дорнод нутаг

Дорнын их талд наран мандах мөчид их хотоос Дорнод нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Ийн Дорнод нутгийг зорих болсон нь учиртай. Дорнодчууд боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг гээд бүх л үзүүлэлтээ ахиулсаар 21 аймгаас эхний тавд эрэмбэлэгдээд байна. 80 гаруй мянган хүн амтай тус аймагт сүүлийн жилүүдэд хөгжил цэцэглэлтийн наран хэрхэн мандаж буйг сурвалжлахаар зорьсон хэрэг.

Жилээс жилд өнгө засаж, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээ сайжруулж буй Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төвд бүтээн байгуулалтын ид өрнөж байна.

 

 “Дорнод сэргэн мандалт” хөтөлбөр үр дүнгээ өгч байна-

Дорнод нутагт сүүлийн таван жил хурдацтай хөгжиж байна. Тэд  иргэд, эрдэмтэн мэргэд нутгийн удирдлагууд төрийн түшээдтэйгээ хамтран Дорнод нутгийн хөгжлийн хэтийн төлвөө зураглаж, хөтөлбөр боловсруулсан ийн үр дүнгээ өгч эхлээд байна. Тодотгон хэлбэл, Н.Номтойбаяр Засаг дарга Бадамсүрэн нарын санаачлагаар “Дорнод сэргэн мандалт” хөтөлбөр боловсруулагдаж 2015 онд аймгийн ИТХ-аар батлуулж, 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ нь Н.Номтойбаярын гишүүний санаачлан боловсруулан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-иас эхтэй юм. Тэрбээр энэ хуулийн хүрээнд гадаад дотоодын эдийн засагчид, эрдэмтэд Дорнод аймгийн 20 гаруй мянган иргэдийн оролцоотойгоор “Дорнод сэргэн мандалт” хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг эхлүүлж төсөв төлөвлөлтийн уялдааг хангаж ажилласан байна. Үр дүнд Дорнод аймгийн эдийн засаг өргөжин тэлж, бүтээн байгуулалтууд өрнөж, хөгжин цэцэглэж байна.

Тоо баримтаас харахад Дорнод аймаг хүний хөгжлийн индексээрээ улсын хэмжээнд хоёрдугаарт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Орхон аймгийн дараа, өрсөлдөх чадвараараа эхний тавд багтсан үзүүлэлт гарсан байх юм.

Дорнод аймаг нь өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлт жилээс жилд өсөж, 21 аймагтаа эрэмбэ нь дээшилсээр ийн эхний тавд жагсжээ. Тэдний сүүл мушгиж байсан баримт түүх болон үлджээ.  Ийнхүү Дорнод нутаг өдрөөс өдөрт өнгө засаж, аймгийн удирдлагууд, аймгаас сонгогдсон гишүүнтэйгээ гар нийлэн ажилласны үр дүнд тус аймагт хөгжилт цэцэглэлтийн наран мандаж байна.

 

\

-Монгол Улсад жишиг болох “Хүний хөгжлийн ордон” Дорнод аймагт бий-

“Дорнод сэргэн мандалт” хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2018 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийж, ХБИ-рүү чиглэсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсад анх удаа хүний хөгжлийн ордонтой болохоор зорих зорилго тавьжээ.  Энэ зорилго ажил хэрэг болж, шинэ байр үүдээ нээсэн байна.  

Хэрлэн сумын 4 дүгээр багт баригдсан “Хүний хөгжлийн ордон” нь  аймгийн нийт хүн ам, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, ахмадууд руу чиглэсэн нийгэм, халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл хүмүүжил, спорт зэрэг олон талт цогц үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Будаг ханхалсан шинэхэн байр үүдээ нээгээд удаагүй олны хөл тасрахгүй. “Хүний хөгжлийн ордон”-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар, “Сэтгэлийн сод уянга” ТББ, Нийгмийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажилтан, Бариа заслын төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Дорнод аймаг дахь салбар, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх танхим, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих Start Up төв, Аймгийн Ахмадын хороо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дорнод аймгийн зөвлөл, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл, Биеийн тамирын танхим, Ахмадын чөлөөт цагийн төв тус тус байрлаж үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Бидний очиход “Сэтгэлийн сод уянга” ТББ тоглолт хийх бэлтгэлээ хийж байгаатай таарсан юм.  Өмнө тэд гэртээ эсвэл боломжтой нэгнийхээ гэрт цуглаж тоглолтынхоо бэлтгэлийг хийдэг байсан бол одоо өөрсдийн гэсэн өрөө тасалгаатай болжээ. Тэнд тэдний дуу хуур цалгиж байна.

\

 Аймгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ ордон цаг үеэ мэдэрсэн бүтээн байгуулалт болж чаджээ. Биднийг тус төвөөр ороход Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл угтан авсан юм. Тэрбээр “ Дорнод аймгийн хэмжээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар төр нийгмийн халамжийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлдэг байгууллага. Тус байгууллагаар нь 32 мянган иргэн нийгмийн халамжийн 62 төрлийн үйлчилгээг байнгын авдаг. Мөн дээрээс нь ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Аймгийн хэмжээнд 4200 гаруй ХБИ, 7300 ахмад настан байгаа гэх статистик тоо гарсан. Эдгээр иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх мөн сүүлийн жилүүдэд ажилгүйдэл ихсэж, ажиллах хүчний хомсдол үүссэн гэх үзүүлэлтүүд анхаарал татсан асуудлын нэг болсон. Дорнод аймаг хөдөлмөрийн зах зээлийн судалгааг 2018 онд хийсэн. Эдгээр судалгаанаас хүний хөгжил рүү чиглэл ажил хөдөлмөрийн дадал хэвшил олгох  хэрэгцээ шаардлагатай гэдэг нь судалгаанаас гарсан. Энэ судалгаан дээр үндэслэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнд санал тавьсан. Улмаар Н.Номтойбаяр гишүүний санаачлага дэмжлэгтэйгээр “Хүний хөгжлийн төв”-ийг 21 аймгаас анх удаагаа барьж ашиглалтад оруулсан. Байр ашиглалтад ороод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Бид ТББ-уудтайгаа үйл ажиллагаагаа уялдуулах чиглэлд хамтарч ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр нийгмийн зорилтод бүлгийн иргэд төрийн үйлчилгээг  нэг цэгээс авах боломж бүрдсэн. Мөн ХБИ хүртээмжтэй үйлчилгээг бий болгох, хамт олонд түшиглэж хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд энэ төв ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажил хэрэгч танилцуулга хийсэн юм.

Үнэхээр ч  энэ төв аймагтаа төдийг улсын хэмжээнд жишиг болохоор бүтээн байгуулалт болж чаджээ. Тэд ХББ иргэдийг эрүүл аюулгүй орчинд, хөгжиж боловсрох, төрийн үйлчилгээгээ авах орчинг бусдад үлгэр дуурайлал болохоор босгож чаджээ. Хүнээ боддог, хүний төлөө ажилладаг нийгмийг Дорнодчууд бүтээсэн байгааг харахад сэтгэлд өег.

 \Энэ тухай Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн Д.Батхуяг гуай сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Дорнод аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр маань хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын үгийг сонсож, бидний төлөө их олон зүйл хийсэн. Дорнод аймгийнхан маань хүний хөгжлийн ордонд ороод цогц үйлчилгээг авдаг болсон. Н.Номтойбаяр гишүүний ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлын хүрээнд ихээхэн ажил хийж байсан. Дорнод аймагт 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өмнө нь ТББ тогтсон байртай байгаагүй бол өнөөдөр ХБИ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа таван төрийн бус байгууллага маань ийм сайхан байртай боллоо. Дээрээс нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газар энэ байранд байрлаж байна. Ингэснээр ХБИ нэг газраас цогц үйлчилгээгээ авах бүх боломжоор хангагдсан. Энэ бол бусад аймагт байхгүй. Дорнод аймгийн ХБИ сумаасаа ирээд “Хүний хөгжлийн ордон” дээрээсээ спор, урлаг, нийгмийн халамжийн гээд бүх үйлчилгээгээ авах боломжтой боллоо.  Энэ ордон нээгдсэн нь МУ-ын 21 аймаг есөн дүүрэгт үлгэр жишээ болсон бүтээн байгуулалт болж байна” хэмээсэн юм.

 

-Зүүн бүсийн ахмад настны асрамжийн газар шинэ байртай боллоо-

\

\Ж.Долгор эмээ дуулах дуртай. Түүний хувьд бага залуудаа дуу хөгжим сонирхож явсан нэгэн. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан тэрбээр өнөөдөр Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвөөр асран хамгаалуулагчийн нэг. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард энэ төвд ирсэн байгаад бидэнд “Эмээ нь Хэнтий аймгийн хүн шүү дээ. Энэ асрамжийн төвд өнгөрсөн жилийн 11 сард ирсэн. Сайхан хамт олонд дээр ирсэн жаргаж байна өө. Дутагдаж гачигдсан ч юм алга. Би одоо 80 хүрч байна. Бид хэд чинь ногоо тарьж байгаа. Бидэнд зориулаад сүүдрэвч хийж байгаа гоё оо гоё” хэмээн хуучиллаа.

Харин тэргэнцэр дээрээ суугаа эмээг н.Хүнхэр гэдэг. Хуучин байрандаа барагтай л бол орноосоо өндийх дургүй байсан тэрбээр шинэ байрандаа ирснээс хойш тэргэнцэр дээрээ суугаад зурагт үзэж өдрийг өнгөрүүлдэг болсон гэнэ.

 Тэрбээр “Бид шинэ байрандаа ороод сайхан байна. Бид өмнө нь хуучин байранд байхад өөр өөрсдийн өрөөндөө хоолоо иддэг байсан бол одоо нэг дороо хооллодог. Н.Номтойбаяр хүү биднийг ийм сайхан байртай болгож өгөх гээд их ажилласан. Би энэ асрамжийн газарт ирээд таван жил болж байна. Манай хүүхдүүд цэцэг тарьж байгаа. Өнгө өнгийн цэцэг ургана гэсэн.  Манай асрамжийн газрын үйлчилгээ ярих юмгүй сайн. Бидний үр хүүхдийн оронд бидний чадах чинээрээ асарч арчилдаг.  Би бол хүндэтгэлийнхээ өрөөнд орж ирж зурагт их үздэг. Дулаан өдөр хүүхдүүд тэрэгтэй маань түрээд гадагшаа гаргадаг. Тухтай сайхан байна” хэмээсэн юм.

\

Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төв нь 1990 оны 7 сард 12 хүний орон тоотой, 6 асруулагчтай байгуулагдаж байжээ. Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн өмнөх барилга 1945 онд баригдсан барилгын насжилт дууссан учир мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах, үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлж зогсоогоод байж. Харин 2017 онд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар асрамжийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ.

Тус асрамжийн төв өнөөдрийн байдлаар 8 ажилтан 24 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ төвд зүүн бүсийнх гэдэг утгаараа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн  ахмад настнуудыг хүлээн авач үйлчилгээ үзүүлдэг байна.

 Ахмад настнуудын хувьд шинэ байрандаа орсноос хойш өрөөндөө байхаас илүү “Хүндэтгэлийн өргөөн”-дөө зурагт үзэж, хөзөр шатар тоглож өдрийг өнгөрөөдөг болжээ.

\

\

Асрамжийн төвийн ахлах менежер Ц.Мөнхнасан “Манайх өмнө нь дайны үед баригдсан хуучин барилгад үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Актлагдсан байшинд ахмадууд маань өөр өөрийн өрөөнд харанхуй шахам нөхцөлд байдаг байлаа. Учир нь тэндээ яаж ч засвар, үйлчилгээ хийсэн  нэмэргүй, чийгтэй, харанхуй нөхцөлтэй байсан юм. 2019 оны есдүгээр сард Н.Номтойбаяр гишүүний санаачилга дэмжлэгтэйгээр шинэхэн байрандаа орж, ахмадууд маань таатай, дулаахан, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн. Одоогоор нэг л хэвтрийн ахмад байгаа. Манайд ирээд тэргэнцэртэй байсан ахмадуудаас хөл дээрээ алхаж чаддаг болсон хүн ч бий. Энэ нь чанар, стандартын шаардлага хангасан байртай болсных. Яагаад гэвэл төвд маань чийрэгжүүлэлт, хөгжлийн өрөөтэй байгаа.

Мөн хөдөлгөөнөөс гадна ахмад настнуудад маань нийгэмших орчин болж өгдөг. Хоёр гурвуулаа байдаг өрөөндөө сууж хооллох, хорин хэдүүлээ нэг ширээний ард суугаад хоол идэх гэдэг бол тэс ондоо шүү дээ. Тэд амьдралын сайн, сайхан бүхий л зүйлсээ хоорондоо ярьж тухтай орчинд суух боломж шинэ байранд орсноороо нээгдсэн гэж харж байгаа. Өмнө хуучин байрандаа хорь гаруй хэвтрийн хүмүүстэйгээ ажилладаг байхад бидэнд асрагчийн орон тооны асуудал их тулгамддаг байсан. Одоо бол найман орон тоотойгоор ахмадууддаа үйлчилж байна. Өмнөхтэйгээ харьцуулбал маш олон өөрчлөлтүүд гарсан нь үнэн. Одоо настнууд маань хотоос зайдуу, эрүүл агаарт шинэ байрандаа өөрийн гэсэн орон гэр шиг тухтай байх нөхцөл бүрдсэн. Гадаа нь жимс, хүнсний мод тарьчихсан, түүнийгээ услах, гаднаа агаар салхи амьсгалах гэх мэт давуу тал их гарч ирсэн гэж харж байгаа. Ийм ч учраас Н.Номтойбаяр гишүүний тус дэмээр олон настнууд маань сэтгэл санаа өөдрөг, өмнөх асуудлуудаа мартан таатай амьдрах нөхцөл бүрдсэн учраас их баярлаж, талархаж явдаг даа” гэсэн юм.

Менежерийн ажилтай энэ бүсгүй өмнө нь харааны бэрхшээлтэй иргэдийн төвд 10 жил ажилласан гэнэ. Түүнийг тус төвд менежер хийж байх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс өөрийн  “Истана” маркийн машиныг хүлээлгэн өгч байсан тухай дурсамжаа хуваалцсан юм.

 

-“Номт тусч сан”-аас ахмадууд “Ач санах өргөө” байгуулж өгөв-

\

Дорнод аймгийн сум бүр ахмад настнууд хамтдаа цагийн өнгөрөөх өргөөтэй. Тодруулбал, Дорнод аймгийн 13 суманд  “Номт тусч сан”-аас “Ач санах өргөө” ахмад настны өргөө барьж, тохижуулсан өгчээ. Ахмадууд тус өргөөндөө өдөртөө шатар даам тоглож наадан өдрийг өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. 

Уг “Ач санах өргөө”нь ахмадуудын хөгжил, тэдний ачийг хойч үед сурталчлан таниулах зорилгоор байгуулсан нь үүргээ гүйцэтгэж байгааг

 

-Цэвэрч аймаг болох уриалгыг компаниуд дэмжиж оролцжээ-

Дорнод аймаг цэвэрхэн аймаг болох уриалга дэвшүүлсэн ажиллаж байна. Энэ хүрээд Чойбалсан хот руу орох зам дагуух хур хороо цэвэрлэх санаачлага гаргажээ. Үүнийг нь МАК дэмжиж Дорнод аймгийн төвөөс Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал сум руу гарах зам, танкийн саад дагуух хур хогийг цэвэрлэсэн байна.

Тодруулбал, МАК компани лээрх цэгүүдэд сүүлийн гурван жилийн турш их цэвэрлэгээ хийж, цэвэрлэжээ. Өнгөрсөн жил “МАК” ХХК машин техникийн туслалцаа үзүүлж байсан бол энэ жил “Найнги” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ковш трактор, шатахууны зардлыг гарган дэмжлэг үзүүлжээ.

Энэ талаар оршин суугч Г.Баасансүрэн:  Н.Номтойбаяр гишүүний хувьд орон нутагт маш их зүйл хийдэг. Сургууль цэцэрлэг гээд шийдвэрлэж хийж өгсөн ажил ихтэй хүн. Манай гэрийн энэ  хавиарх балгасыг 2014 оноос эхлэн цэвэрлэж маш сайхан болгосон. Хур хогоос үүдэлтэй маш бохир орчин байсан. Одоо маш  сайхан болсон. Аймаг руу орж ирэхэд хог угтдаг байсан бол өнөөдөр моднууд угтдаг. Манай гэр энүүхэнд байдаг. Одоо халуун хүйтэн усны шугамтай болж байгаа. Улам л сайхан болох байх гэж найдаж байна.

\

 Монгол орны зүүн хязгаар хөгжил цэцэглэлтийн наран ийнхүү мандахад Дорнод аймгаас сонгогдсон их хурлын гишүүд тэр дундаа Дорнод нутгаас  хоёронтоо сонгогдсон Нямтайширийн Номтойбаяр гишүүний санал санаачлага дэмжлэг чамлахааргүй гэдгийг онцлох хүн олон байсан юм.

Хөгжил цэцэглэлтийн он жилүүдийг хамтдаа бүтээсэн төрийн түшээд, хөдөлмөрч ард түмний хичээл зүтгэлээр Дорнод бүтээн байгуулалтын их ажил өрнөж байгааг нүдээр үзэн эргэн уулзахын ерөөл өргөн их хотын зүг буцлаа. 

О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button