У.Хүрэлсүхийн багийн ШИЛДЭГ ТАВ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн энэ удаагийн сонгуульд урьж, нэр дэвшүүлсэн 30 залуугаас Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Цэрэнжамцын Мөнхцэцэг, Ганибалын Амартүвшин, Баттөмөрийн Энхбаяр, Хүрэлбаатарын Булгантуяа нарыг онцолж болно.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Иргэд, сонгогчид нэр дэвшигчидтэй нүүр тулж, хэн нь хэн бэ гэдэгт дүн тавих өдрүүд ийнхүү эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд 19 нам эвслийн болон бие даагчид нийлсэн 639 хүн нэр дэвшиж буй. Тэдний дунд МАН-аас хүчтэй өрсөлдөгчдөд тооцогдож байгаа хэд хэдэн улс төрч байна. Ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн энэ удаагийн сонгуульд урьж, нэр дэвшүүлсэн 30 залуугаас Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Цэрэнжамцын Мөнхцэцэг, Ганибалын Амартүвшин, Баттөмөрийн Энхбаяр, Хүрэлбаатарын Булгантуяа нарыг онцолж болно.
22 тойрог Баянзүрх дүүрэгт МАН–аас нэр дэвшигч Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр

Нэгэн үе намынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэн, дэд сайдынхаа суудлыг хүртэл өгч явсан зоригтой залуу боловсон хүчин бол Б.Энхбаяр. Түүний хууль зүйн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн төлөө тууштай, хатуу чанга дуугарч, бодлогын олон шийдвэрүүдийг боловсруулж байсныг нь намын дарга У.Хүрэлсүх үнэлж, өөрийн багтаа урин Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр илгээгээд байна. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мэргэжлийн хүний хувьд намдаа гайгүй сайн зөвлөгөө өгч ажилласан нэгэн билээ.
24 тойрог Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч доктор Ц.Мөнхцэцэг

Тус тойрогт 35 нэр дэвшигч өрсөлдөж буй. Энэ тойргийг сошиал орчинд “Үхлийн тойрог” хэмээн тодотгож, гал гарсан өрсөлдөөн болно гэлцэж байна. Энэ тойрогт нэр дэвшсэн хамгийн хүчтэй өрсөлдөгчийг Улс төр судлаач, доктор, дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг гэх яриа улс төрчдийн дунд байна. Мэдлэг боловсролтой, нэр цэвэр, шинэ залуу гэдгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт хүч түрэн орж ирсэн энэ бүсгүй их дээд сургуульд 20 гаруй жил багшлахын сацуу судалгаа шинжилгээнийхээ ажлыг тууштай хийж, төрийн бодлого боловсруулахад шаардлагатай санал зөвлөмжийг хүргүүлж ажиллаж ирсэн нэгэн аж. Тэр ч утгаараа түүнийг намынх нь удирдлагууд хамгийн оюунлаг тойрогтоо илгээсэн бололтой.
Тэрээр дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад мэргэжил дээшлүүлж, НҮБ, Төв Ази судлалын Европын нийгэмлэг, Дэлхийн дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллага зэрэгт Монголыг төлөөлж, данслагдсан нэгэн.
23 тойрог Баянзүрх дүүрэгт МАН–аас нэр дэвшигч гавьяат эмч Ж.Чинбүрэн

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт МАН энэ удаад ард түмний дунд элэгний гэх тодотголтой гавьяат эмч Ж.Чинбүрэнг нэр дэвшүүлэхээр илгээгээд байна. Түүний хувьд чадварлаг эмч гэдгээс гадна гайгүй сайн бодлого тодорхойлогч, менежер билээ. Тэрбээр элэгний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох нийгмийн эрүүл мэндийн иж бүрэн цогц арга хэмжээ болох “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг боловсруулахад шийдвэрлэх нөлөөтэй оролцсон. Долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн багц шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх санаачлагыг гаргаж, яг одооноос бодитой хэрэгжиж эхэлж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд олон мянган хүн аюулт өвчнөөр өвчилсөн эсэхээ санхүүгийн дарамтгүй шинжлүүлэх, эрт шатандаа оношлуулж улмаар бүрэн эмчлэгдэх боломжийг бүрдүүлж чадсан юм. Энэ бол түүний эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон ажил билээ.
23 тойрог Баянзүрх дүүрэгт МАН–аас нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа

МАН-ын чадалтай залуусын нэг Сангийн дэд сайд Х.Булгантуяа УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Мэдлэг боловсролыг эрхэмлэгч ээжийнхээ ачаар хар багаасаа хилийн чанадад боловсрол эзэмшсэн тэрбээр АНУ-ын алдарт Иелийн их сургуулийг дүүргэжээ. Тэрбээр 2018 онд Аполитикаас ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтад оруулсан нь түүнийг дэлхийд данслагдсан боловсон хүчин болохыг харуулсан үйл явдал болсон. Х.Булгантуяаг Сангийн дэд сайдаар томилогдоход улс төрд шинэ, туршлагагүй гэж харах хүн цөөнгүй байсан ч тэрбээр ямар чадварлаг болохоо харуулж, өдгөө намын нөхдөдөө үнэлэгдэн шилдэг залуу боловсон хүчин хэмээн нэрлэгдэж байна. Монгол Улсыг саарал жагсаалтаас маш бага хугацаанд гаргахад түүний оролцоо, хүчин чармайлт багагүй байсан билээ.
29 тойрог Хан–Уул дүүрэгт МАН–аас нэр дэвшигч Шарк Г.Амартүвшин

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн бас нэгэн үхлийн тойрог гэгдэж буй Хан-Уул дүүрэг 22 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Амартүвшинг чадалтай банкир гэдгийг бид мэднэ. Тэрбээр ард түмний дунд “Шарк” нэрээрээ алдаршсан МАН-ын чадалтай залуусын нэг. Г.Амартүвшин асар богино хугацаанд бизнес, эдийн засгийн шинэ дүр төрхөөр тодрон гарч ирсэн нэгэн. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан тэрбээр эх орондоо эргэн ирж ажиллаад үнэндээ 9 жил л болж байна. Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мэргэжлээрээ ажиллан, удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байсан гэдэг. Мөн Казахстаны хамгийн том банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж явсан дэлхийд данстай банкир. Түүний эдийн засгийн салбарын олон улсын туршлага яг өнөөдрийн Монгол Улсад нэн чухал гэдгийг МАН олж харан түүнийг Хан-Уул дүүрэгт илгээжээ.
Ц.ЛХАМСҮРЭН