Нийт халдварын тохиолдол 197 болж, Н.Номтойбаярт авсан цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт  улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.

262 иргэн эх орондоо ирэв

Долоо хоногийн даваа гарагт Монгол Улсын Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг Сидней-Улаанбаатарын чиглэлд хөөрсөн байна. Тус нислэгээр Австрали болон Филипин улсаас нийт 262 иргэнийг татан авчирсан юм.

Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүүгийн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо иржээ.

Агаарын хөлгөөр 17 удаагийн нислэг үйлдсэн

Долоо хоногийн лхагва гарагт УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршил дээр нийтдээ 1601 хүн тусгаарлалтанд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тэд гэрийн ажиглалтанд 161 хүн шилжүүлээд байгаа юм.

Улсын Онцгой Комисс болон бусад холбогдох байгууллагууд  хамтран нэгдүгээр сараас хойш татан авалтын арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 63.259 иргэнийг гадаад улсаас татан авах ажиллагааг зохион байгуулсан. Үүнд агаарын хөлөг, төмөр зам, автозам, явганаар нийт 9324 татан авсан аж. Мөн агаарын хөлгөөр 17 удаагийн захиалгат нислэгийг үйлдэж энэхүү ажиллагааг зохион байгуулж байна.

Н.Номтойбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг хэвээр үлдээлээ

Долоо хоногийн пүрэв гарагт  Монгол улсын 2020 оны УИХ-ын сонгуульд Нэр дэвших үнэмлэхээ гардан авсан ч хорих 461 ангид хоригдож буй Н.Номтойбаярын шүүх хурал болж өнгөрлөө.

 Шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан арга хэмжээг хэвээр үлдээж,  дараагийн хуралдааныг зургадугаар сарын 17 хүртэл сунгалаа.

 

Ж.Эрдэнэбатад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

            Долоо хоногийн пүрэв гарагт Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч уг шийдвэрийг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгчид  холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзсэн байна. Иймээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button