Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын сонгогдох эрхийг зөрчсөөр байна
Монголчууд бид төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгоход 10 хоног үлдээд байна. Гэтэл Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойбаяр, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг цагдан хорилоо.
Ж.Эрдэнэбатын хувьд шүүх хуралдаа удаа дараалан очоогүй, шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэмээн цагдан хоригдсон. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бус тогтоол гаргасан гэх асуудлаар шалгаж байгаа юм. Улмаар өнгөрсөн баасан гарагийн шөнө “Их тэнгэр”-ийн ам дахь гэрээс нь баривчилж, хориод буй.
Харин цагдан хоригдож байгаа Н.Номтойбаярын хувьд шалтгаан нь тодорхой биш баримт нотолгоогүй гээд анхаарал татсан асуудлууд ихтэй. Цагдан хорих зайлшгүй шалтгаан байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч түүнийг цагтан хориод 20 шахам хонох гэж байна. Одоогоор Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааны ажлыг аав ээж нь гардан хариуцаж буй.
Тэгвэл тэднийг ийн цагдан хорьж байгаа нь хуулийн заалтыг зөрчиж байгаа вэ?
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар СЕХ-нд олгогдсон сонгууль зохион байгуулах бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгон сонгуульд оролцуулж байгаа үйл ажиллагаанд нөлөөлсөн буюу 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах….-ыг хориглоно.” 14 дүгээр зүйлийн 14.13-т “Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад төрийн албан хаагчид болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэрэг болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчлөө гэсэн заалт байгаа юм.
Гэвч дээрх заалт мөрдөгдсөнгүй. Иймээр нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр нь нийгэмд анхаарал татан, шүүмжлэл дагуулж байна. Энэхүү үйл явц нь зөвхөн нэр дэвшигчид биш тухайн тойргийн сонгогчдын эрхэнд халдсан, хууль тогтоомжийг уландаа гишгэсэн үйлдэл болж байгааг сануулах нь илүүц биз.
О.ОНОН