Гадаадад гацсан 10 мянган иргэнээ татаж чадаагүй байж юун 400 сая жуулчин хүлээж авах вэ?
Хэнтий аймагт нэг хөшөө баригдсан нь жинхэнэ дуулиан дэгдээсэн. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ сайд хөшөөний нээлтийн үеэр жилд 400 сая жуулчин авна хэмээн мэдэгдэж байв. Түүний энэхүү мэдэгдэл цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь 400 гаруйхан мянган жуулчин авч байгаа Монгол Улс 400 сая жуулчин хүлээж авна гэдэг нь хэний ч санаанд багтахгүй тоо.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд гал дээр тос нэмж байгаа мэт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Дэлхийн томоохон аялал жуулчлалын байгууллагууд Монгол руу ханарах соронзон орон үүсч магадгүй. Ордост ганц удаа очиж үзчихээд, Хэнтийгээр нэг тойрчихоод олон юм яриарай” гэж “томорсон” байдаг.
Гадаадаас жуулчин хүлээн авахад маш олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг тэр мэдэж баймаар…
Ганцхан жуулчин дээр жишээ авъя л даа. Тухайн жуулчин Монголд ирээд хамгийн эхэнд хөтөч авна. Дараа нь буудаллах газар, аялах газар луугаа явах ямар нэг тээврийн хэрэгсэл, очоод амралтын аятайхан тохилог амралтын газар, хоол ундны үйлчилгээ гэх зэрэг олон зүйлс шаардагдана. Гэтэл манайд энэ бүхэн бэлэн байгаа билүү.
Энэ өдрүүдэд сайдын дээрх мэдэгдэл хөрсөн дээр буух боломжтой юу гэдгийг харж болохоор байна. Тодруулбал, коронавируст халдварын улмаас гадаадад ганцан Монголчуудаа татан авах ажиллагаа өнгөрсөн хоёрдугаар сараас хойш явагдаж байна. Гэвч хангалттай биш. Учир гадаадаас монголчуудаа олноор нь авчрахад байр, сууцны хүрэлцээ хангалттай биш гэдэг нь гол асуудал.
Дэлхий нийтийг цочроогоод буй коронавируст халдварын улмаас өнөөдөр харийн улсад хэдэн мянган монгол иргэн гацаанд ороод буй. Тэдний ихэнх нь дотуур байрнаасаа хөөгдөх, гудамжинд хоног төөрүүлж, хоолгүй хонох зэрэг асуудлууд тулгарсан. Энэхүү байдлаас үүдэн эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Татан авалт хийгдсээр байгаач тоо буурахгүй байна.
Хэдийгээр Монгол улсын УОК болон холбогдох албан байгууллагууд тодорхой шат дарааллын дагуу тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадад гацсан иргэдээ бага багаар татан авсаар байгаа ч эх орон орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо ч буурсангүй.
Учир нь иргэдээ олноор нь авах гэхээр тусгаарлах байр хомс, эмч ажилчдын хүрэлцээ муу зэрэг асуудлууд тулгарч байна. Нэг үгээр улсын нөөц бололцоо энэ гэсэн үг. Гадаадад гацсан 10 мянган иргэнээ татан авч чадахгүй байгаа өнөөгийн байдлаас Монгол Улс 400 сая жуулчин авах үлгэр хэрхэн төгсөхийг харж болно
О.ОНОН