Тэрбум тэрбумын босго тавьж ‘сүрдүүлэх’ болсон Монголын шүүх
Сүүлийн өдрүүдэд шалгагдаж байгаа томоохон хэргүүдийг дагасан том тоонууд бүхий барьцаа гэх зүйл нийгмийн анхаарлыг татаж байна.
Тухайлбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүхийн дансанд 10 тэрбум төгрөгийн байршуулсан байхыг даалгасан. Араас нь өчигдөр шүүхээс С.Баяр тав, С.Баярцогт, Да.Ганболд нар 10 тэрбумын барьцаа төлөх үүрэг хүлээлээ. Нэг үгээр тэднийг шүүхээс дээрх мөнгийг шүүхийн дансанд барьцаа маягаар байршуулахыг үүрэгдэв.
Үйл явцтай холбогдуулан твиттер хуудаснаа шүүхээс барьцааны босгыг хэтэрхий өндөр тогтоож байгаа талаар шүүмлэлүүд бичжээ. Тэднээс жишээ авахад нэгэн жиргээч “С.Баяр 5 тэрбумын барьцаа өгөхгүй бол шорон явах нь ээ. Дэлхийн хамаг нууцыг дэлгэсэн Жулиан Ассанжийг 2010 онд сүүлчээр 1 сая ам.долларын барьцаагаар суллаж байсан. Тэгэхээр манай улсын барьцааны босго хамаагүй өндөр байгаа биз” гэжээ.
Өөр нэг нь “2-10 тэрбумын барьцаа шаардаж байгаа шүүгч нарт төгрөг чихрийн цаас шиг харагддаг юм болов уу. Аманд ч багтахгүй тоо байна” гэсэн байна.
Тэгвэл тэрбум тэрбумаар барьцаа төлөхөөр болсон тэдний АТГ-д мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулъя.
Ж.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь жилийн 109 сая төгрөгийн гэр бүлийн гишүүд нь 244 сая төгрөгийн орлоготой. 81 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай, 131 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй. Мөн 240 сая төгрөгийн үнэлгээ бүхий Ланд 570 машинтай. 163 сая төгрөгийн малтай. Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК, Гүн сан эрдэнэс ХХК, Талын агт ХХК, Их түмэн сүрэг ХХК-иудаас хувь эзэмшдэг, 110 сая төгрөгийн хадгаламжтай. Нэг үгээр түүнд 10 тэрбумын төгрөг байхгүй. Иймээс хоригдсон.
С.Баярцогт: С.Баярцогтын хувьд ямар ч орлогогүй. Харин гэр бүлийн гишүүд нь нэг тэрбум 282 сая төгрөгийн орлого олдог. С.Баярцогтынх нь нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 2 тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 325 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван машинтай, дотоод дансандаа зургаа, гадаад дансандаа 2 сая төгрөгтэй гэжээ. Тэрбээр Товхонхан ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.
Да.Ганболд: Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй Д.Ганболд ХОМ-тээ жилийн 11 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 5 сая төгрөгийн орлоготой гэжээ. Нэг тэрбум 120 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 80 сая төгрөгийн газартай, 70 сая төгрөгийн машинтай, хадгаламжиндаа 91 сая төгрөгтэй. Харин үнэт эдлэл нь нэг тэрбум төгрөгт хүрч байна.Мөн Интернэйшнл бизнес консалтинг оф монголиа ХХК, Ай Би Си Эм Гашуун Сухайт ХХК, Зүүн төмөр зам ХК, Солар оф десерт ХХК, Монголиан лукшури дринкс ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Таван Толгой ХК-иудаас хувь эзэмшдэг.
Тэд бол их хэмжээний мөнгийг шүүхэд барьцаа болгон төлөх үүрэг хүлээсэн хүмүүс. Гэвч ХОМ-ээс харахад бүх эд хөрөнгө, үнэт эдлэлээ зараад ч дээрх барьцааг төлөх боломжгүй мэт харагдаж байна. Харин шүүх тэднийг үүнээс илүү мөнгө төлөх чадамжтай гэж харсан байх. Нэг үгээр шүүхээс тэднийг дээрх хэмжээний мөнгийг төлж болох хүмүүс гэж харсан хэрэг.
Эндээс тэдний хөрөнгө тэрбум тэрбумаар тоологдож байгаа юу? Эсвэл шүүх үнэхээр тэнгэрийн тоогоор тэднийг яллах “үүрэг хүлээсэн” үү гэх асуулт урган гарч байна.
О.ОНОН