Д.Нямхүү: Өнөөдөр 2 хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 8.241.000 хүн өвчилж, 444.000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 132.000 хүн шинээр өвчилж, 6 мянга гаруй хүн нас барсан байна. Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 1282 нас баралт бүртгэгдэж нийт тохиолдол 923.100 болж нас баралт 45.200-д хүрсэн байна. БНХАУ-д 44 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь дотоодын халдвар, 11 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. АНУ-ын эрдэмтэдийн компьютер загварчлалын аргаар хийсэн судалгаагаар бие засах суултуурын усыг татахад агаарт коронавирус агуулсан дуслууд дэгдэж гарч байгааг тогтоосон байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илэрсэнгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна. Нэг нь 19 настай оюутан 33 хоног эмчлэгдсэн, нөгөө нь 15 настай сурагч 31 хоног эмчлэгдээд гарлаа. Нийт тохиолдол 197 болсоноос 111 хүн эмчлэгдэж эдгэрээд гарсан, 86 хүн эмчилгээнд байна. Коронавирусийн халдвартай гурван жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ тасралтгүй хийгдэж байна" гэв.
С.Тулга