“Z” үеийнхэнд “гологдсон” нэр дэвшигчид
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа тав хоногийн дараа дуусна. Мэдээж нэр дэвшигчдийн олонх нь мөрийн хөтөлбөртөө нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх тухай тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр тэд залуу үеэ хэр ойлгож, дэмжиж, тэдэнтэй хөл нийлүүлэн хөгжиж чадах эсэхийг “Z” үеийнхэн “шалгаж” байна.
Тодруулбал, “Хэрсүү үзэгч Z үе” фэйсбүүк хуудаснаас “Z үе анд гарлаа” нэртэй цуврал контентыг бэлтгэн, цахим орчинд цацаж эхэллээ. Нийт гурван дугаар фэйсбүүк орчинд байршуулсан нь олон нийтийн хандалт өндөртэй байна.
Тэдний энэхүү контентын өвөрмөц байдал олон нийтийн анхаарлыг яах аргагүй татна. Зөгнөлт киноны баатруудын хувцас өмссөн “анчид” нэр дэвшигчдээс Z үеийнхний сонирхол, ертөнцөд хамаарах гурван асуултыг асууна. Харин энэ асуултад нэр дэвшигчдийн ихэнх бүдэрч байгаа дүр зургийг харж болно.
Мөрийн хөтөлбөртөө гоё сайхан үг өгүүлбэрийг түүж оруулсан тэд бодит байдал тэднээс тэс өөр ертөнцөд амьдарч байгааг энэ контентоос харж болно.
Тухайлбал, “E-Sport-ыг дэмжих үү” гэсэн асуултад АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Т.Энхсайхан “Сайн мэдэхгүй байна. Яг ямар тогтоом юм бол…” гэж хариулсан байна. Мөн “Elon Musk-ын хэрэгжүүлсэн хамгийн том гурван төслийг нэрлэнэ үү” гэсэн асуултад “Дандаа мэддэггүй асуултууд байгаад байна, яах вэ. Elon Musk гэж юу юм” хэмээсэн юм. Youtube дэх хамгийн алдартай гурван гадаад, гурван монгол одыг нэрлэж чадах уу? гэсэн асуултад мөн л тэд бүдэрлээ.
Мөн Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Түвшин, БЗД-т МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг нар асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадалгүй Z үеийнхнийг гонсойлгов.
Харин Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн асан Г.Уянга, БЗД-т нэр дэвшигч Б.Энхбаяр нар дээрх асуултад амжилттай хариуллаа, гэхдээ 100 хувь биш.
Тэгвэл АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй Р.Булгамаа, Ц.Баатархүү нар Z үеийнхний асуултад хариулахаас татгалзсан юм. Мөн Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар Z үеийнхэнтэй уулзахгүй гэж мэдэгдэв.
Ийнхүү нэр дэвшигчид залуу үеийнхэнээ хэрхэн ойлгож, тэдэнтэй хөл нийлүүлэн алхаж чадах вэ? гэдгийг харуулах контент үргэлжилсээр байна.
О.ОНОН