Г.Чоглоонамжил: Монголын төр иргэнээ бодох цаг нь болсон
Монгол Улсын Их хурлын сонгуулийн 21-р тойрогт бие даан нэр дэвшигч Г.Чоглоонамжилтай ярилцлаа.
-Зээлийн хүү өндөр байгааг шүүмжилж ярьдаг. Үнэхээр ч зээл гэдэг өрх бүрийн чухал хэрэгцээ. Хүүг бууруулахад яг ямар бодлого дутагдаж байгаа гэж та хардаг вэ?
-Товчоор хэлэхэд өнгөрсөн хугацаанд явуулсан эдийн засгийн бодлогод зах зээлээс тавьсан дүн нь энэ өндөр зээлийн хүү байгаа юм. Хамгийн сүүлийн тоон мэдээлэл харахад банкных жилийн 17 орчим хувь, ББСБ-ынх 36 хувь байсан. Тэгвэл хувь зээлдүүлэгчид буюу өдрийн 10 хувиар мөнгө зээлж хүүлдэг ч хүмүүс байна. Банкны шаардлага хангаж байгаа хэсэг нь бусад улстай харьцуулахад өндөр хүүгээр зээл авч байгаа бол шаардлага хангаагүй хэсэг нь хүүлэгчдээс хэдэн зуу, хэдэн мянган хувийн хүүтэй зээл авч байгаа нь хамгийн хортой үзэгдэл. Мөнгө санхүүжилт хамгийн их хэрэгтэй байгаа, амьдралаа босгоё, ахуйгаа дээшлүүлье гэсэн хэсэг банкнаасаа ч зээл авч чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс хүүлэгчдэд очиж амьдралаа хүүлүүлж байна. Хүүлэлт гэдэг нь энгийнээр ойлговол тухайн хүнийхээ эмзэг байдал буюу мөнгө яаралтай хэрэгтэй болсон, яарч даарч яваа үед нь хэт өндөр хүүтэй зээл олгож, “шулах” үйл явц юм билээ. Үүнийг харсаар байж өнгөрөөж хэрхэвч болохгүй.
“ХОТЫН ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД ЖДҮ ЭРХЛЭГЧИД ОЧИХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ”
Эхлэл 1-р нүүрт)
Зээлийн хүүг буулгах асуудлуудыг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьсан. Гэхдээ ажил хэрэг болох нь нэг л тааруу байна. Мэдлэг, боловсрол дутаагүй байх. Сэтгэл дутаж байгаа байх. Учир нь хүүг бууруулахад бүх шатандаа нэгдсэн бодлогоор далайцтай хөдлөх ёстой гэдгийг хэд хэдэн том судалгаа харуулчихсан. Хууль тогтоогчид энэ асуудлыг улс төржүүлж, оноо авах хэрэгсэл болголгүйгээр барьж авч шийдэх шаардлагатай байна. 21-р зуунд 20 хувийн хүүтэй зээлээр бизнес босгохгүй ээ. Эхний ээлжинд зээлийн хүүд нөлөөлдөг валютын ханшийн савлагааг бууруулах ёстой. Ингэхийн тулд экспортоо нэмэгдүүлж, гадаадаас орж ирэх мөнгөний урсгалаа сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг цогц бодлого хэрэгтэй. Мөн дотоодын үнийн өсөлт буюу инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах нь суурь хүчин зүйл юм. Мөн бид хуримтлалгүй байна. Иргэдийнхээ ажил орлогыг дэмжиж мөнгөтэй болгох хэрэгтэй. Ингэж байж Монголд мөнгө “хямд үнээр” олддог болно.
Үндэсний хэмжээний ойлголцол, өргөн хүрээний арга хэмжээ шаардана. Шинээр бүрдэх УИХ хамгийн түрүүнд энэ ажлыг барьж авч хийх ёстой. Үгүй бол бүгдээрээ дараагийн сонгуулиар зээлийн хүү… гэчихсэн л сууж байна шүү дээ. Ялангуяа зарим улс төрчид өөрсдөө зээлийн өндөр хүүгийнхээ шалтгаан болчихсон явж байгаагаа мэдэхгүй байна.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ:
-Үндэсний хэмжээнд хуримтлалыг өсгөх-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх
-Мөнгө хүүлэгчдийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт бий болгох
-Мөнгө хүүлэгч гэж хэн бэ гэдгийг албан ёсоор тодорхойлж, энэ гэмт хэргийг үйлдсэн бол арга хэмжээ авах, хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах,
-Төрийн өндөр албан тушаалтнууд, санхүүгийн чиглэлд ажилладаг төрийн албан хаагчид ББСБ зэрэг зээлийн үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагатай байхыг хориглох.
-Валютын ханш, инфляцыг тогтвортой, нам дор түвшинд байлгах буюу эдийн засгийн тогтвортой бодлогыг далайцтай хэрэгжүүлэх. Энэ талаар төр, хувийн хэвшил нэгдсэн ойлголтод хүрэх.
-Зээлийн хүү өндөр байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан гэж та хэллээ. Өөр ямар шалгаан байна вэ?
– Олон улсын жишгээр жижиг, дунд үйлдвэрүүд нь манайх шиг хөгжиж буй улс орнуудын ажлын байрны 40 хувийг, ДНБ-ий 60 хүртэл хувийг бүрдүүлж байна. ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын эхэнд зээлийн хүү, хугацаанаасгадна төрийн тогтворгүй бодлого, авлига хээл хахуулийн асуудал бий.
Санхүүжилт ямар их хэрэгтэй салбар билээ. Гэтэл төрөөс төсөвлөсөн жаахан хэдэн юмаа улс төрчид хамаарал бүхий компаниудаараа яаж урдуур нь орж зээл авсныгбид бүгдээрээ харсан. Энэ чинь тэдний хөгжлийн гол саад.
Үүнээс гадна бизнес гэхээр л хотын төв байгаа шилэн байшинг төсөөлөөд байдаг. Тэгвэл Улаанбаатарын төвлөрлийг сааруулж, хотын захын дүүргүүдэд ЖДҮ эрхлэгчид очих таатай боломжийг нь бий болгох нь зүйтэй. Жишээ нь нийслэлийн дагуул хот болгож хөгжүүлнэ гэж олон жил ярьж буй Багануур, Налайх, Багахангайг ЖДҮ-ийн төв болгож болох юм. Жинхэнэ бизнес эрхлэгчид, ажиллах хүчин чинь тэнд байна. Дээр нь бүр хөдөө газрыг бодвол бизнест хамгийн хэрэгтэй дэд бүтэц нь хангалттай хөгжөөд бэлтгэгдчихсэн байна. Одоо энд юу дутаж байна. Төрийн бодлого л дутаж байна.
Миний хувьд энэ удаагийн сонгуулиар “Бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх бүтээлч санаачлагыг дэмжиж, бичил, жижиг, дунд бизнесийг санхүү болон мэдлэг түгээх, сургалтаар дэмжих хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллах” зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлээд байна.
“ГАДААДААС ХЯМД БИШ ШИНЭ МАШИН АВЧ УНАХ ЧАДВАРТАЙМОНГОЛ ХҮМҮҮСИЙГ БЭЛДЭХ НЬ АСУУДЛЫН СУУРЬ ШИЙДЭЛ”
-Та дагуул хотуудыг хөгжүүлэх талаар ярьлаа. Төвлөрлийг бууруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх санааг өөрийн нийтлэлдээ дэвшүүлсэн байсан?
-Нийслэлийн хүн ам 2045 он гэхэд 2.8 саяд хүрч өсөх төлөвтэй байна. Энэ хүрээнд төвлөрлийг бууруулах бодлогоо нэн даруй хэрэгжүүлж эхлэх ёстой. Жишээ нь нийслэлийн гурван алслагдсан дүүргийг хөгжүүлэх санаагаа гаргасан. Тухайлбал Багануур дүүргийн хөгжлийн түүх, эдийн засагт гүйцэтгэж ирсэн үүргээс харвал Шинжлэх ухаан, Инновацын хот байх боломжтой юм. Харин Налайх дүүрэгт жуулчдыг татдаг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрлаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, хотын төвийн дүүргүүдээс Налайхыг чиглэсэн жуулчдын урсгал улам нэмэгдэх боллоо. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг Налайхчууд өөрсдөө хийж, ханган нийлүүлэгч болох бүрэн боломжтой юм. Нийслэлтэй төмөр зам, авто машинаар холбогддог, дамжин өнгөрөх ачаа тээврийн гол өртөө нь Багахангай дүүрэг юм. Дэд бүтцийн энэ боломжийг нийслэлийн ложистикийн төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бий гэж хардаг. Зөвлөлтийн үед байсан нисэх хүчний дэд бүтцийг ашиглан Нийслэлийн хэрэгцээний хүнс, бусад чухал барааны агуулах, зоорь болгон хөгжүүлэх боломжтой зэрэг санааг дэвшүүлээд байна.
-Эдгээр дүүргүүдэд агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?
-Хотын төв рүү нүүрс оруулахгүй гэчихээд алслагдсан дүүргүүдэд оруулаад байж болохгүй. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах бодлогыг ижил тэгш, хүртээмжтэй хэрэгжүүлэх нь зүйтэй. Ер нь дүүрэг ч гэлтгүй аймаг сумдын төвийн агаарын бохирдлын асуудлыг хаяж болохгүй.
Энэ оны хувьд өнгөрсөн саруудад агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өмнөх онтой харьцуулахад бага байсан ч хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ тогтмол өндөр байж ирсэн. Тэгэхээр зөвхөн нийслэлийн төвд харагдаж байгаагаар агаарын бохирдол буурсан гэж санаа амарч боломгүй. Алслагдсан дүүрэг, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч байсан ялгаагүй Монгол хүн бүр эрүүл агаараар амьсгалах, эрүүл амьдрах эрхтэй юм. Мөн дараагийн толгойны өвчин бол хөрсний бохирдол. Агаарын бохирдол шиг нүдэнд ил биш ч нийслэлийн хамгийн эмзэг цэг нь болсон. Хар тугалга, хүнцлийн агууламж стандарт хэмжээнээс давсан. Ийм бохирдолтой орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл өсөж торних эрхийг ярихад их хэцүү болж байна. Учир нь хорт бодисууд хүүхдийн сэтгэн бодох чадварт хүртэл сөргөөр нөлөөлж байгаа тухай судалгааны дүгнэлтүүд уншаад харамсалтай санагдаж байлаа.
“Томоохон хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг нэвтрүүлэх” зорилтыг бие даагчидтайгаа хамтарсан мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хөрсөө бохирдуулж буй 400 мянган нүхэн жорлондоо шинэчлэл хийх, гадаадаас хэдэн арван мянгаараа импортоор орж ирж буй, насжилт өндөртэй автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт, мөнгө санхүүжилт хэрэгтэй. Нийт автомашины 50 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэж байгаа шүү дээ.
Энэ асуудлыг нэг талаас төрөөс цогц бодлогоор санхүүжүүлэх ёстой бол нөгөө талаас ажилтай, орлоготой Монгол хүн хашаандаа шинэчлэл хийхээс эхэлнэ. Гадаадаас хямд биш шинэ машин авч унах чадвартай Монгол хүмүүсийг бэлдэх нь асуудлын суурь шийдэл. Энэ чиглэлд нэгдсэн байр суурьтай, нэгдмэл зорилготой сонгуульд оролцож байгаа нь бие даагчдын бас нэг чухал ололт юм. Бас энэ талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгоно. Бид чухам ямар бохирдолтой, өөрсдөд маань ямар тулчихсан аюул бий болгож байгаа бохирдолтой хотод амьдарч байгаагаа мэдэх ёстой. Мэдээлэл ил тод байх чиглэлд хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлага маань үндсэн үүргээ гүйцэтгэнэ.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ:
-Дагуул хотуудыг хөгжүүлж нийслэлийн төвлөрлийг бууруулах,
-Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нийслэлээс гадна аймгийн төв, сумын төвүүдэд ч давхар хэрэгжүүлэх,
-Ариун цэврийн байгууламжийг сайжруулах, нүхэн жорлонгоос салгах чиглэлд хувьсгал хийх. Энэ хүрээнд иргэн бүрт жорлонгоо шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өгөх,
-Хот төлөвлөлтийг хүний амьдран буй орчинг бүрдүүлсэн байхаар цогцоор нь шийдвэрлэдэг байх. Хэрэв зөрчсөн тохиолдолд хуулийн өндөр хариуцлага хүлээлгэдэг байх мехианизмыг хэрэгжүүлнэ.
“ГЭРИЙН ХАЖУУГИЙН СУРГУУЛЬ ЧАНАРТАЙ БАЙСАН БОЛ ХҮҮХДЭЭ ХОТЫН НӨГӨӨ ЗАХ РУУ ЗӨӨХ ШААРДЛАГА ҮҮСЭХГҮЙ”
-Орчны бохирдол хүүхдийн сэтгэн бодох чадвар, эрүүл мэндэд ноцтой сөргөөрнөлөөлж байгаа бол маш харамсалтай жишээ. Мэдээж бид өнөөгийн улс төр, мөнгө төгрөг, хэрүүл маргаан ярихаас илүүтэй ирээдүйдээ юу үлдээж байгаа вэ гэдгээ бодох ёстой байх?
-Яг тийм. Чи бид хоёрын ингэж чөлөөтэй яриад сууж байгаа эх орныг өвөг дээдэс, бидний өмнөх үеийнхэн үлдээсэн. Харин сүүлийн 30 жилд босгож, бүтээсэн нийгэм бол одоо үеийнхний ирээдүйдээ өвлүүлэх хөрөнгө. Одоо яг бодлого тодорхойлж, төрийн эрхийг гартаа авсан хүмүүсийн бүтээл учраас сайн ч, муу нь хамт л дурсагдах болно. Монгол хүүхдүүд мэдлэг чадвараараа, оюун ухааны чадамжаараа хаана ч дутахгүй, магадгүй тэргүүлэх ч боломжтой гэдгийг олон улсад гаргаж буй амжилтуудаас нь харж болно. Тэдний потенциаль, хүсэл эрмэлзэл, зорилго ийм гэрэлтэй байхад насанд хүрэгчид ямар ирээдүйг бэлэглэж байгаагаа өдөр бүр бодох нь зүйтэй юм.
Монгол хүний хөгжил бүх бодлогын эхний үсэг нь байх ёстой. А үсэг нь хүний хөгжил. Тиймээс мөрийн хөтөлбөрөө Монгол хүнийг хөгжүүлэх цогц бодлогоороо эхлүүлсэн.
НҮБ-аас тогтмол гаргадаг Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээс нэгсонирхолтой жишээ татъя л даа. Монгол хүн боловсрол, дундаж нас, орлого зэрэг үзүүлэлтээр жагсаахад 92 дугаар байрт орж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэхгүй ч бүр муу биш. Урдаа байгаа орнууд буюу Хүний хөгжлийн нэн өндөр үзүүлэлттэй орны иргэдээс дөрвөн жилээр бага хугацаанд суралцаж, дөрөв дахин бага орлого олдог юм байна. Мөн тэднээс 10 жилээр бага насалдаг. Мөн Монгол хүний хөгжилд хамгийн их саад болж буй хүчин зүйлээр тэгш бус байдал нэрлэгдэж. Өөрөөр хэлбэл хамгийн их орлого олдог 20 хувь нь хамгийн бага 20 хувиасаа 5 дахин өндөр орлоготой байдаг байна. Энэ бүхнийг том зургаар нь харвал манай төр иргэддээ тэгш боломж олгож чадахгүй байгаагаас улбаалж хүний хөгжилд дорвитой ахиц гарахгүй байсаар байх болно. Тэгш боломж, тэгш эрхийн асуудал хүүхдээс эхэлнэ. Хотын захын ядруухан айлд төрж өссөн хүүхэд Зайсанд амьдарч байгаа хүүхдээс бохир агаараар амьсгалаад байвал эрүүл мэндийн хувьд өрсөлдөх чадвартай болж өсөж торниж чадах уу? Энэ их сонин тулгаж байгаа юм шиг асуулт боловч хариулах гээд нэг үзээрэй. Чадна гэж хэлбэл хэтэрхий өөдрөг болно. Өнгөрсөн хугацаанд бид “Ядуу хүний хүүхдүүд чадалтай” зэрэг өмнөх нийгмээс үлдсэн пропагандад итгэж үнэмшсээр ирлээ. Одоо харамсалтай нь боломж хомстой айлын хүүхдүүд дэлхийн түвшинд өрсөлдөх тухай мөрөөдөх нь битгий хэл тоглох тоглоомоо хайж явсаар амиа алдаж байна. Ингээд цаашид өсөн торниод ерөнхий боловсрол эзэмшинэ. Төрөөс боловсролыг үнэгүй олгож байгаагаа их ярьдаг ч хэр чанартай вэ? гэдгийг ярьдаггүй. Чанаргүй учраас хотын төвийн өндөр төлбөртэй, чанартай боловсрол олгодог цөөн хэдэн сургуульд хүүхдээ зөөх их нүүдэл Улаанбаатарын замын түгжрэлийн тэргүүлэх шалтгаан болчихлоо. Уг нь гэрийн хажуу талд байдаг сургуульд л хүүхдээ өгөх ёстой. Хэрэв гэрийн хажуугийн сургууль чанартай байсан бол хүүхдээ хотын нөгөө зах руу зөөх шаардлага үүсэхгүй. Тэгш бус байдлыг бид ийм энгийн зүйлээс, гэрийнхээ босгыг даваад л олж харах боломжтой байна.
-УИХ-ын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид янз бүрийн л гоё уриа лоозон барьж, улс орноо хөгжүүлэх талаар ам уралдацгааж байна. Таны хувьд харьцангуй нэр хүндтэй ажлаа хийгээд яваад байж болохгүй гэж үү. Яагаад улс төрд орох сонголт хийсэн бэ?
-Зурагтаар гоё сайхан харагдаж гараад, чимээгүй яваад байх нь хувь хүний амьдралд амар хялбар боловч алс хойчдоо хамгийн хортой. Энэ нь зөвхөн нэвтрүүлэгч хүнд биш иргэн бүрт хамаатай. Ардчилсан нийгмийн хамгийн гол үнэт зүйл нь төр барих эрхээ ард түмэн эдэлдэг бөгөөд өөрөө түмнээ төлөөлж парламентын гишүүн болдог. Нэр дэвшсэн ч бай, үгүй ч бай төрөө хянах нь ардчилсан, эрх чөлөөт иргэн хүний мөн чанар юм. Нөгөөтэйгүүр ямар ч улсад парламент нь ард түмний төлөөлөл байдаг. 100 хувь хуульч, эдийн засагчдаар бүрдсэн парламент гэж хаа ч байхгүй. Олон өнгө, олон дуу хоолой нэгдэж байж хүртээмжтэй, иргэдэд ээлтэй эрх зүйн орчин бий болно.
Миний хувьд өрхийн тэргүүний хувьд, ард түмний хайр хүндэтгэлийг олон жил хүлээж яваа хүний хувьд одоогийн эрх баригчдад сэтгэл хангалуун бус байна. Зүгээр шүүмжлээд суугаад байхыг хүсэхгүй, шийдвэр гаргах түвшинд ажиллах, үр дүн гаргах эрмэлзэлтэйгээр УИХ-ын сонгуульд оролцож байгаа. 20 гаруй жилийн турш мэдээ, мэдээллийн тогоонд чанагдлаа. Хэн юу гэж худал яриад, юу гэж амлаад өдийг хүрснийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь би. Тэдний үргэлжилсэн худал амлалт, хууран мэхлэлтийг зогсоох цаг нь ирсэн гэж бодож байна. Одоо Монголын төр иргэнээ бодох цаг нь болсон. 1 сая гаруй иргэнээ ядуурлын шугамаас дээш татъя. Нэмээд үлдсэн хоёр саяынхаа амьдралыг хэдэн шат ахиулъя. Бие даагчийн хувиар төрд иргэний дуу хоолойг хүргэе, өөрөө манлайлъя, шахалт үзүүлье гэж зорьж байна. Би ард түмэнтэйгээ уулзах нүүртэй хүн. Цаашид ч тэдний төлөө дуугарсаар байх болно. Миний энэ хүсэл зориг нэг сонгуулийн настай биш.
Улсын Их хурлын сонгуулийн 21-р тойрогт
бие даан нэр дэвшигч Г.Чоглоонамжилийн сонгуулийн штаб