М.Ичинноров: Бие даасан сонголт бидэнд хөгжил авчирна

УИХ-ын 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.

 

-Таныг иргэний нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийн хуульч гэдгийг хүн бүр мэднэ. 2020 оны сонгуульд яагаад бие даан нэр дэвшиж байна вэ?

 

-Миний хувьд Defacto буюу засаглалын бус түвшинд шударга ёс, хүний эрхийн төлөө амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орон болж үзсэн. Тун удалгүй эдийн засаг нь огцом унаж одоо бүр хар саарал жагсаалтад орчихсон, хүнээр зүйрлүүлбэл бид сэхээнд, амь тариа төдийхнөөр өдөр хоногийг өнгөрөөж байна гэсэн үг. Тэгэхээр дан ганц эдийн засгаар хөгжлийг харж болохгүй юм. Уул уурхайгаас бүрэн хамааралтай, АВЛИГАЛ-ын сүлжээ үүссэн нийгэмд эдийн засгийн өсөлт байгаад ч ард түмний амьдрал дээшлэхгүй.

 

Цаасан дээр бид хөгжлийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн тогтвортой хөгжлийн тулгуур Ц сууриар нь авч үздэг. Гэтэл амьдрал дээр энэ нь хэрэгждэггүй. Үүний жишээ нь нийгмийн хөгжлийн  чухал суурь болсон хүний эрх, хөгжлийн эрх хангагдахгүй байгаа явдал. Орлогын үр шимийг тэгш, хүртээмжтэй, зөв хувиарлаагүйгээс болж өнөөдр 30 гэр бүл дэлхийн тэрбумтнуудын хэмжээнд [ амьдарч, баян ядуугын зааг хэт их болж, дундаж давхарга хумигдаж, авилга хээл хахууль, мөнгө хүүлэлт, албан тушаалын наймаа бүх муу муухай бүхэн цэцэглэн хөгжиж байна. Үндсэндээ энэ нь 30 I жил ээлж дараалан төр барьсан хоёр том намын алдаатай бодлогын үр дүн юм.

 

Өнөөдөр иргэдийн дунд намуудыг сонгохгүй гэсэн хандлага бий болсон, нөгөө талаасаа мэргэшсэн эдийн засагч, хуульч, улс төрч, судлаачид нэгдэж чадвал бодлогын түвшинд өөрчлөлт хийх боломжтой. Тиймдээ ч миний хувь БИЕ ДААСАН сонголт буюу БИД 76 БИЕ ДААГЧДЫН НЭГДСЭН  ПЛАТФОРМЫН залуустайгаа үзэл бодол, үйл хэргээ нэгтгэн Нийгэмд эдийн засгийн реформ хийж, хүний эрх, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалсан төрийн тогтолцоог бий болгож тахарын албыг сэргээхийг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Хорин хэдхэн насандаа эхлүүлсэн эрүүл цэвэр нийгмийн төлөө, хүний эрхийн төлөө хийсэн олон чухал ажлаа, эрх мэдэлд нөлөөлж, хуулиуд батлуулж, сэтгэлгээг өөрчлүүлж чадаж байсан ажлуудаа одоо эрх мэдлийн түвшинд үргэлжлүүлэхээр энэ сонгуульд БИЕ ДААН нэр дэвшиж байна.

 

-Таны мөрийн хөтөлбөр дээр Тахарын албыг дахин байгуулна гэсэн байна. Энэ ямар бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэгтэй ажилладаг байгууллага байсан, яагаад татан буугдсан юм бол?

 

-Тахарын алба гэх нэртэйгээр байгуулсан уг байгууллага нь олон улсад маршалын алба, шериф, шүүхийн цагдаа гэх мэтээр нэрлэгдэг бөгөөд үндсэн үүрэг нь гэрчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан ялтанг эрэн сурвалжлах, сэжигтэн яллагдагчийг хуяглан хүргэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манайд бол хохирогч хамгаалалттай хамт хийж өгсөн бөгөөд Гэрч, хохирогчийг хамгаалах хууль, Тахарын албаны тухай хуулиар хохирогч, гэрчийг хамгаалах болон дээр дурдсан үүрэг функцуудыг давхар хэрэгжүүлэхээр хуульчилж өгсөн. Тахарын алба нэртэйгээр байгуулагдан дотроо Гэрч, хохирогч хамгааллын газар байгуулагдсан. Гэрч, хохирогчийг зөвхөн сэжигтэнг яллахад ашиглах хэрэгсэл болгож ирсэн хуучин туршлагыг халж, тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа эрсдэлтэй байдалд ордог тул тэднийг хамгаалах институц байгуулсан нь Монголын эрх зүйн систем, хүний эрхийн хөгжилд том дэвшил байсан юм. Тахарын албанд чадварлаг залуусаас бүрдсэн гэрч, хохирогчийг хамгаалах тусгай бүлэг байгуулж, хүмүүсээ чадавхжуулан сургаж, гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөнүүдийг хүртэл энд тэнд байгуулан, хохирогч нарт анх удаагаа сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх алхмуудыг хийж байлаа. Төрийн нэрийн өмнөөс ийм үйлчилгээ үзүүлэхэд тэд цочирдон баярладаг гайхдаг байсан.

 

Харамсалтай нь ийм чухал газрыг байгуулагдаад удаагүй байхад нь татан буулгасан. Шалтгаан нь төрийн институт, төрийн бодлого мэргэшээгүй, томилгоонууд нь мэргэжлийн бус бөгөөд хоорондоо үргэлж талцан муудалцаж байдаг улс төрчдөөс болсон гэж би үздэг. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гарснаар Тахарын албаны үүрэг, оролцоо бүр илүү их хэрэгцээтэй байх байсан.

 

-Өнөөгийн улс төр, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн тодорхойлж байна вэ, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар та ямар санаа бодолтой явдаг вэ?

 

Улс төр гэдгийг нам гэсэн явцуухан бүтцээр ойлгож ирсэн хоцрогдсон арга барилаа халах хэрэгтэй. Үүний тулд 30 жил ээлжлэн төрийн эрх барьсан том гэх намууд болон бусад намуудыг татан буулгаж, бүгдийг шинэ гараанаас эхлүүлэх шаардлагатай байна. Улс төрийн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжих цаг болжээ! Хуучин дээлийг шинэ нөхөөсөөр нөхдөггүй. Шинэ дээлийг шинэ даавуугаар оёдог билээ. Үүний нэгэн адил төр, засаглал, ардчилалын өөрчлөлтийн 30 жилийн босгон дээр эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна.

 

Өнөөдөр улс төрийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэхэд саад болж байгаа 3 гол хүчин зүйл байна:

 

100 жилийн өмнө үүссэн коммунист намын дотоод бүтэц, тогтолцоо, соёл өнөөдөр монголын либерал үзэлтэй АН, пост коммунист МАН, шинээр байгуулагдаж байгаа намуудад ч үйлчилсэн хэвээр байна. Жишээлбэл ахмадын, эмэгтэйчүүдийн, оюутны хороо, бүтцийн хороо, дүрмийн хороо аймаг нийслэл, сум дүүргийн хороо, үүр, багийн хороо гээд нийтдээ нам дотор 20 гаруй бүтэц байна. Шинэлэг, оюунлаг, бие даасан үзэл бодолтой хүмүүс энэ их олон бүтцэд хамаарах, тогтсон уламжлалд нь захирагдах, тэдэнд үйлчлэх ямар ч боломжгүй юм. Ёстой л далайн том загасыг ширгэж буй нуурын тунасан усанд аваачаад хийхтэй адил. Тиймээс намууд цус сэлбэгдэж чадахгүй байсаар цусны бүлэгнэл үүсэж цаашаа энэ системээр явах боломжгүй болсон. ШИНЭ ҮЕИЙН УЛС ТӨРИЙН НАМУУД ӨДИЙГ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН "НАМ"-ЫН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭГ БҮРЭН ӨӨРЧЛӨХ ЁТОЙ! Жишээ нь тухайн намын их хуралд сонирхсон ямар ч хүн тасалбар худалдаж авч ороод мөрийн хөтөлбөр, үзэл санаатай нь танилцаад таалагдвал дэмжигч болж элсдэг байх. Нам бол хатуу хатуу гишүүнчлэлгүй, иргэний байгууллага байх естой. Нээлттэй, соёлтой, мөнгөний босго тавьж чадалтай хүмүүсийг хааж боодоггүй, дэмжигчдийнхээ дунд хууль, бодлого хэлэлцүүлдэг, ийм л соёлтой тогтолцоо байх ёстой юм.

1.  Нам хэмээгч улс төрийн систем нь хүмүүсийг үзэл санаа, философи үнэт зүйл, алсын хараа, зорилго дотор нэгтгэх ёстой байтал эрх ашиг, амьдрах арга, бүлэглэлд үйлчлэх явцуу тогтолцоо болгож хувиргажээ. Тийм учраас цүнх баригчдын, бөгс долоогчдын бүхэл бүтэн арми бий болжээ. Ямар ч сайн хүн орсон залгичихдаг махны машин ажиллаж байгаа мэт. Хувь хүний өөрийн бие даасан үзэл санааг хамгаалах, түүнийхээ төлөө тэмцэх боломжыг боомилж, зөвхөн намын эрх ашиг, намын нэгдмэл сонирхол, намын ялалт гэсэн явцуу зорилгын төлөө зарим нь сүнсээ худалдах, амаа үдүүлэх, манкурт боол болж хувирах ийм л үзэгдэл бий болоод 30 жил болчихлоо. Үүнийг үндэсний ухамсарт сэхээтнүүд, манайлагчид эрх ашиг, дуу хоолой, хүчээ нэгтгэн өөрчлөх цаг болсон.

2.  Улс төр өнөөдөр дэлхийн энтэй сэтгэдэг ч, үндэстнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг жинхэнэ манлайлагчдаар дутаж байна. Тийм манлайлагчид нь улс төрийн гадна байна. Улс төрд ээлжлэн төр барьдаг, эрх мэдлийг атгадаг, санхүү, улс төрийн бүлэглэл байгаа болохоос биш жинхэнэ нийгмийн манлайлагчид, үзэл санааны лидерүүд байхгүй байсаар өдийг хүрлээ. Нийгэм лидерүүдийг хүсэмжилж байна. Лидерүүдийг хүсэмжилж байгаа яг энэ цаг үед, хамгийн аюултай орон зайн дээр популистууд болон Мадура нар гарч ирдгийг бид санах ёстой. Тэд хүмүүсийн өмнө уран гоё цэцнээр ярьж тухайн үедээ оноо авдаг ч популистуудын *ач гавъяагаар" эдийн засаг, улс орны аюулгүй байдал сүйрэлд ордог. Яг л тогтоон барьж чадахгүй үерийн урсгалд орох мэт. Үүнийг бид Вэнэсуаль, Колумб, Украйн зэрэг улс онуудын гашуун туршлагаас харж болно.

3.  Жинхэнэ манлайлагч хүн өнөөдөр гаргаж байгаа шийдвэрийнхээ төлөө чичлэгдэж байвч зуун жилийн дараа үнэлэгдэх зүйлийн төлөө тууштай, зоригтой явдаг. Яг өнөөдөр оноо авахын тулд гоё амлалт өгдөг, хэлснээсээ буцдаг хүмүүсийг манлайлагч гэхгүй. Хамгийн гоё шударга ярьж байгаа хүн Монголчуудын хэлдгээр гаднаа гяланцаг дотроо паланцаг байх нь элбэг. Гэхдээ Монголын ард түмэн саруул ухаантай, шударга бусыг ялгах оюуны өндөр чадамжтай гэдэгт би эргэлздэггүй.

НИЙГЭМ

Нийгмийн асуудлын хувьд боловсрол, эрүүл мэнд, хувь хүний хөгжилд чанар, ёс зүй, эрхэмлэх үнэт зүйл бий болоход аяндаа сайхан болно. Жишээлбэл өнөөдөр академик боловсролооос илүүтэй хүний хүн байх боловсрол, сэтгэлийн боловсрол хамгаас чухал байна. Сэтгэлийн боловсрол; тухайлбал хайрлах, хүндлэх, уучлах, эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлах гэх мэт энгийн боловч эдгээр зүйлс нь гэр бүл, үр хүүхэд, цаашлаад эрүүл мэнд гээд бүхий л талбарт эерэг өөрчлөлтийг авчирна. Өнөөдөр нийгмийн стрессийг эмчлэх илааршуулах, тийм л төрийн бодлого хэрэгтэй. Ахмадууд нь нарлаад суух талбайгүй, хүүхдүүдээ салхилуулах, дугуй унуулаад явуулчих боломжгүй, байшингууд нь газар хөдлөлтөд тэсвэргүй, аюулгүй байдал нь өндөр эсрдэлтэй, амьдрах орчны тав тухгүй, хүн явах зайгүй машин дүүрсэн, хотхон нэртэй өндөр өндөр байшингуудаар бид нийгмийн хөгжлийг төсөөлж болохгүй. Замын хөдөлгөөнд ормогц энд тэндээс сигналдан, яарсан, уурласан, бухимдсан хүмүүсийг харахад тэдэнд сэтгэлийн боловсрол байхгүйг илтгэж байгаа юм. Нийгмээ сайн сайхан болгоё гэвэл хүмүүсийн хувь хүний хөгжил, сэтгэлийн боловсролд өөрчлөлт авчрах ёстой.

ЭДИЙН ЗАСАГ

 

Ковид 19-н дараах дэлхий ертөнцөд эдийн засаг бүрэн утгаараа өөрчлөгдөнө. Аль хэдийн өөрчлөгдөж байна. Дэлхийн улс орнууд ч энэ шинэ орчинд тохирсон эдийн засгийн бодлогуудыг шат дараалан авч хэрэгжүүлж байна. Эдийн засгийн глобалчлал ч өөрөөр яригдах боллоо. Гэхдээ энэ нь Монголчуудад том олз болох боломжтой. Уул уурхайгаасаа бүрэн хамааралтай манай улсын хувьд одоо жинхэнэ эдийн засгаа солонгоруулах бодлого барьж, хэрэгжүүлэх ёстой. Бид газар доорх баялагтаа хэт найдаж оюуны, технологийн, үйлчилгээний, хөдөө аж ахуй, хүнсний гэх мэт салбаруудад үсрэнгүй хөгжиж чадахгүй байсан. Харин одоо жинхэнэ цаг нь болж байна. Наад зах нь газар дороо асар их баялагтай, наяад сая малтай манай орон мал аж ахуй түүнээсээ авдаг мах махан болон сүү сүүн бүтээгдэхүүн, ариун газар шорооноосоо хураан авах ургац ногоо жимс гээд дэлхийд гайхуулах органик хүнсийг дотооддоо үйлдвэрлэх, хэрэглэх, экспортод гаргах, эдийн засгийн маш том боломжууд нээгдэж байгаа юм. Үүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн тулд манайд авилгалын бүх шатны тогтолцоог устгах ёстой. Тийм ч учраас улс төрийн шинэчлэл яахын аргагүй хэрэгтэй байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд сонгогчиддоо хандаж та юу гэж уриалмаар байна вэ?

-Эрх мэдэл, эд хөрөнгө, хүн хүчний тэнцвэргүй сонгуульд иргэн Таныг төлөөлөн оролцож байна.

-Нам ялсаар ирсэн сонгуулиудад ард түмэн ялагдсаар ирсэн. Энэ удаа иргэн та ялах сонгууль байгаасай гэж би хүсч байна.

-Нийгэмд баян ядуугийн ялгааг тэлж, дундаж ангийг хумьж, иргэд бидний боломжийг хулгайлдаг авилгалыг бүрэн устгахын төлөө би ажиллана!

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалан туслалцаа үзүүлэх төрийн цогц системийг бий болгож, гэрч хохирогчийг хамгаалдаг Тахарын албыг сэргээн байгуулахын төлөө би ажиллана.

-Банк санхүүгийн мөнгө хүүлэлтийн харгис дарамтаас ард түмнээ чөлөөлөхийн төлөө хичээн ажиллана!

-Төрийн албаны бүх шатны албан тушаалтнуудыг хүний эрхийн боловсролтой болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Хүүхдийн тоглоомын газрууд, нийтийн ногоон байгууламжууд, нийтийн талбайнуудыг чөлөөлүүлж, орон сууц болон гэр хорооллыг амьдрах орчны стандартуудад нийцүүлэхийн төлөө, хөгжүүлэхийн төлөө ажиллана!

-Хүүхдээс хулгайлсан бүхнийг эргүүлж авчрахын төлөө би ажиллана!

-Миний бие иргэн ТАНЫ дуу хоолойг парламентад ШУУД хүргэнэ!

-Ярилцсанд баярлалаа

 

УИХ-ын 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй хүний эрхийн хуульч

М.Ичинноровын сонгуултйн штабаас бэлтгэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button