Говь-Алтай аймагт нэр дэвшигч А сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан үйлдлийг шалгаж байна

Сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах газрын дарга Б.Баярхүү: Өнөөдрийн байдлаар иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 89 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдаж байна. Тагнуулын байгууллагаас нийт найман хэрэгт шалгах ажиллагаа явуулж байна. Нам эвсэл, нэр дэвшигчдэд Сонгуулийн үеэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллах талаар Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагаасхүргээлсэн. Гэтэл зарим нам эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хууль зөрчиж, цахим сүлжээнд бусдын нэр хүндийг гутаасан илт худал мэдээлэл түгээх, мөнгө эд зүйл тараах асуудал гарч байна. Иймээс энэ мэт асуудлуудыг хуулийн байгууллагаас шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат: Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй 1118 дуудлага мэдээлэл ирсэн. Иргэд сонгогчдын санал, мэдээллийг худалдан авч сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлогууд гарч байна. 

Тухайлбал, 

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нэр бүхий намын сонгуулийн штабын ажилтнууд тус сумын ХББ иргэдэд хашаа барьж өгсөн асуудал шалгагдсан. Уг асуудлыг шүүхэд шилжүүлж холбогдогч Б-д 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

-Иргэн Н-ээс ирсэн мэдээллийн дагуу УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшигч нь 300 гаруй мотоциклыг тойрог дээрээ тээвэрлэн авчирч хадгалж байсан үйлдэл илэрсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

-БЗД нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа гэх 80 орчим иргэний тээврийн хэрэгсэлд шатахуун өгсөн асуудлыг шалгаж байна. 

-Иргэн Б-ээс ирсэн мэдээллийн дагуу УИХ-ын сонгуульд СХД нэр дэвшигч Б-ийн эхнэр өөрийн төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр бэлэг бэлэн мөнгө тараасан асуудлыг шалгаж байна. 

-Иргэнээс ирсэн гомдлыг шалгахад нэр дэвшигч П-ын сонгуулийн сурталчилгааны менежер бэлэн 40 сая төгрөг авч явсныг шалгаж байна. 

-Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт иргэн Б-ийн гомдол мэдээллийн дагуу нэр дэвшигч А-ын сонгуулийн штабын ажилтан сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор нэр бүхий 7 иргэнтэй уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг мөрдөн шалгаж байна. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button