CХД-ийн 99 дүгээр цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ

CХД-ийн 99 дүгээр цэцэрлэг 1985 онд байгуулагджээ. Харин уг цэцэрлэгийн 2220 мкв газрыг 1990 онд нэгэн иргэн эзэмшилдээ авсан байна. Ингэснээр тухайн газарт барилга угсралтын үйл ажиллагаа явуулна хэмээн цэцэрлэгийн ойр орчимд нүх ухаж хашаалжээ. Ийнхүү 1990 оноос хойш тус цэцэрлэгийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх ёстой байтал ухсан нүхтэй тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй он удаан жил болсон байна. Иймд холбогдох газруудаас стандартын шаардлага хангахгүй тухайн газарт хашааг буулгах мэдэгдлийг холбогдох албан ажлын хэсгийнхэн удаа дараа өгчээ. Харин өгсөн үүрэг даалгаврыг эзэмшигч иргэн биелүүлээгүйн улмаас хашааг албадан буулгах арга хэмжээ авсан байна. Ингэснээр тухайн цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.

СХД-ийн 99 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Цэеэнлхам: “Манай цэцэрлэг анх 1985 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 2200 м.кв энэ талбай манай цэцэрлэгийн үндсэн газарт багтаж байсан. 2006 онд Нийслэлийн захирагчийн албанаас гэрээг нь цуцлаад Нийслэлийн боловсролын газрын нэр дээр шилжүүлсэн байсныг өнөөдөр /2020/06/19/ буцаан манай 99 дүгээр цэцэрлэгийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Энэ газар олон жил ухсан хоосон нүхтэй байсныг буцаан хэвийн байдалд нь оруулж байна. 480 хүүхдийн аюулгүй орчинд тоглож наадах эрх бүрэн хангагдлаа. Ингээд энэ ажлыг зохион байгуулж гүйцэтгэсэн Нийслэлийн захирагчийн алба, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналт мөн Нийслэлийн боловсролын газар болон  СХДЗДТГ-ын хамт олонд нийт хамт олныхоо өмнөөс баярласнаа илэрхийлье” гэв.

С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button