Н.Номтойбаярын шүүх хурал хойшилж, Э.Оюунболд аваргын цолыг хураасан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлог үйл явдлуудын тоймыг хүргье.

“Цэвэр агаартай хот” эрдэм шинэилгээний цахим хурал боллоо

Долоо хоногийн лхагва гарагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран “Цэвэр Агаартай Хот” сэдэвт олон улсын эрдэм шижилгээний цахим хурлыг зохион байгууллаа.

Тус хурлаар дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалсан нь” “Нүүрсний үнсийг ашиглах технологийн шийдэл, боломжит хэрэглээ” зэрэг 30 гаруй судалгааны сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлууллаа

Долоо хоногийн лхагва гарагт Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай гэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй байна. Мөн хэргийн оролцогч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч шүүх хурлыг зургадугаар сарын 26-ны өдөр болгон товлосон юм.

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Долоо хоногийн лхагва гарагт Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзжээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах болон Монгол Улсын аварга цолыг нь хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн байна.

 

 

 Долдугаар сарын эхний хагаст таван удаагийн нислэг үйлдэнэ

Долоо хоногийн пүрэв гарагт УОК-ын шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ГХЯ долдугаар сарын эхний хагаст иргэдээ татаж авах нислэгийн хуваарийг батлуулсан байна.

Үүнд:

2020.07.02- БНСУ-Сөүл

2020.07.04- Япон-Токио

2020.07.07- БНСУ-Сөүл

2020.07.09-Турк-Истанбул

2020.07.15-БНСУ-Сөүл  зэрэг таван удаагийн тусгай үүргийн нислэг багтсан байна. Мөн УОК-ын  24-р хурлаар Хятад улсад байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэрийг гаргажээ. ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй оюутан залуусыг мөн адил ойрын хугацаанд авто замаар татаж авах шийдвэр гаргахаар ажиллаж байгаа аж.

 

 Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button