Говь-Алтайчуудын саналыг мөнгөөр үнэлсэн нэр дэвшигч О.Амгаланбаатар
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан мэдээлэл хийх үеэрээ Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт иргэн Б-ийн гомдол мэдээллийн дагуу нэр дэвшигч А-ын сонгуулийн штабын ажилтан сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор нэр бүхий 7 иргэнтэй уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгдсэн юм. Яг энэ асуудалтай холбоотой мөнгө тараах гэж байгаа үйлдэл бүхий бичлэг бүхий баримт цахим орчинд тархсан.
О.Амгаланбаатарын хувьд Говь-Алтайн Засаг дарга байхдаа цэвэр усны хаяган дээр өөрийн зургаа хэвлүүлж, Авлигын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн хэмээн АТГ-аас сануулга авч байсан удаатай. Ер нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа байсхийгээд л авилга хээл хахуулийн хэргээр АТГ-т дуудагдаг нэгэн байв.
Мөн түүнийг Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхад тус аймагт намчирхал, талцал дээд цэгтээ хүрсэн гэж нутгийнхан шүүмжилдэг. Хамгийн гол нь О.Амгаланбаатар тус аймагт шийдэл гаргах тоймтой, тодорхой хийсэн зүйлгүй нэгэн.
Иймээс тэр энэ удаад мөнгө тараагаад ч хамаагүй төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохоор улайрч байгаа нь энэ.
О.Амгаланбаатарын хувьд одоогоор нэг ч төгрөгийн орлогогүй гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байх. Ямар нэг компанигүй ч дансаа 100 сая төгрөгтэй, үнэт эдлэл нь 355 сая төгрөгөөр үнэлэгддэг. Мөн 326 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 130 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 машинтай. Гэр бүлийн хүн нь найман сая төгрөгийн орлого олдог. Гэхдээ тэр намдаа дэнчингийн мөнгө өгч, Говь-Алтайд мөнгө тарааж явна. Эх үүсвэр анхаарал нь татаж байгааг хэлэх нь илүүц биз.
О.Амгаланбаатар нь дөрвөн жилийн өмнө Засаг даргаар ажиллаж байхдаа жилийн 19 сая төгрөгөөс өөр орлогогүй, гэр бүлийн гишүүд нь ч орлогогүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байж. Тэгвэл одоо тэр малаа таван төрлөөр “өсгөсөн”, унах унаатай, дансандаа их хэмжээний мөнгө хөрөнгөтэй, авлагтай, орох оронтой, оочих аягатай нэгэн болж, бүүр иргэдэд мөнгө тарааж, санал авахаар улайрч явна.
О.ОНОН