Н.Номтойбаярын ээж Д.Хулан: Миний хүү авилгачид, ЖДҮ-чид, төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг л тэмцсэн
УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт Нямтайширын Номтойбаяр бие даан нэр дэвшиж буй. Гэвч түүнийг цагдан хорьсоноос үүдэн сонгуулийн сурталчилгаагаа өөрийн биеэр хийж чадахгүйд хүрсэн юм. Ийм учраас Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир, ээж Д.Хулан нар нь хүүгийнхээ сурталчилгааг хийж, мөрийн хөтөлбөрийг нь сонгогчдод танилцуулж байгаа юм.
Тэгвэл Н.Номтойбаярын ээж Б.Хулан анх удаа олон нийтэд хандаж хүүгийнхээ талаар ярьсан байна. Тэрбээр “Миний хүү авилгачид, ЖДҮ-чид, төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг л тэмцсэн. Миний хүүг улс төрд орсноос хойш манай МАК-ийг хамгийн муу муухайгаар л харлуулж байна. Бид төрөөс тендер авч үзээгүй, ширхэг хадаас ч хувьчилж үзээгүй, өөрсдийнхөө хөрөнгөөр л бүтээн байгуулалтыг бий болгосон.
МАК ард түмэнтэйгээ хөгжмөөр байна. Бид буруу бодоогүй, хулгай хийгээгүй. Н.Номтойг хорьж, эрх чөлөөг нь боогдуулж, эрхийг нь шамшигдуулж байна. Тиймээс би хуулийг гууль болгоод байгаа хүмүүст хандаж хэлмээр байна. Та нар Монголын ард түмнийг эрх чөлөөгөөр тоглож болохгүй. Би хүүгээ дэндүү эх оронч зоригтой хүмүүжүүлсэн байна. Юунаас айдаггүй. Миний хүү хэрэв хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрнэ. Хүүд минь шат дараалсан арга хэмжээг гэрлийн хурдаар авч байгаад эгдүүцэж байна. Миний хувьд санаа зовж байгаа зүйл бол үр хүүхдүүд маань яаж ийм хулгайч нарын дунд бусармаг нийгэмд амьдрах юм бэ? Хэлэх үг эрх чөлөөг нь хорьж байгаа нийгэмд яаж амьдрах юм бэ? Хэн ч хүүхдүүдээ эрүүл саруул нийгэмд амьдруулъя гэж бодно шүү дээ. Тийм учраас энэ нийгмээ цэвэрлэе гээд уриалаад байгаа юм” хэмээжээ.