Эрдэмтдээ төлөөлж нэр дэвшсэн Ц.Мөнхцэцэгтээ баярлалаа
“Эрдэмтэй хүн та даруу байхаа болино уу
Эргүү тэнэгүүд төр самарч дууслаа” гэдэг үг энэ сонгуулийн өмнө сошиал сүлжээнд тренд болсон. Үнэн үг гашуун гэдэг шиг энэ бол цагаа олсон ардын үг.
Иргэд ард түмний амьдралд наалдацтай бодлого, шийдэл ярьдаггүй дархан аваргууд, давхар дээлтнүүд, хувийн бизнестээ ашиг горилж, татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, гадаад дотоодод зугаалдаг, халаасаа түнтийлгэдэг, чихэн дээр цэцэг ургуулж, цементен дээр цэцэг тарьж, насаараа шахуу төрийн ордонд заларсан ч “мундаг лидер” гэхээс өөр шидгүй, дөрвөн жилийн цикл нь дуусахаар гэнэт сэргэж, ард түмэнд хайр зарладаг залуусын хэлдгээр “худ гар”-уудаас үнэхээр уйдсан тул ингэж хэлсэн биз ээ.
Харин үүнийг улс төрийн намууд соргогоор мэдэрч, эрдэмтэн докторуудаа урьж, энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь талархууштай. Тухайлбал, МАН-ын удирдлагууд улс төрийн ухааны доктор, дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэгийг Сүхбаатар дүүрэгт илгээгээд байна. Дүүргийн иргэд ч эгэл ардын төлөөлөл эрдэмтэн багш нэр дэвшсэнд ихэд талархан хүлээн авч, дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Цэрэнжамцын Мөнхцэцэг докторын хувьд МУБИС-д 20 гаруй жил багшлахын сацуу мэргэжлээрээ англи, монгол, герман хэл дээр үндэсний болон олон улсын 20 гаруй бодлогын судалгаа хийж, төр засгийн удирдлагуудад зөвлөмж өгч ирсэн эксперт юм. Түүнийг Монголын өнөө цагийн шилдэг улс төр судлаач гэдэгтэй хэн ч маргахгүй. Бодлогын судалгаануудыг олон улс хүлээн зөвшөөрч, дэлхийн улс төрчид ч түүнийг үнэлсэн. Тэрбээр дэлхий дахинд гүнзгийрч байгаа баян болон бага орлоготой, буурай хөгжилтэй орнуудын ядуурлын эсрэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрдсэн Прогрессив Альянсын Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм. Энэ утгаараа доктор Ц.Мөнхцэцэг Монголын нийгэмд үүссэн тэгш бус байдлыг хэрхэн яаж арилгах, шударга нийгмийг тогтооход чиглэсэн бодлого шийдлийг том зургаар нь харж чадах нэгэн. Үзэл баримтлалаа ч МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаж, голлох бодлогуудыг нь боловсруулсан гэдэг. Сонгогчид нэр цэвэр, алсын хараатай, эрдэм мэдлэгтэй, мэргэжлийн хэрнээ шинэ үеийн залуусыг төлөөлж чадах хүмүүсийг хүсэн хүлээж байгаа энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан нар “нүдтэй” байж түүнийг сонгосон нь олзуурхууштай.
Энэ мэтчилэн олон дунд гялтайх мундаг лидерүүд цөөнгүй байна. Гэвч сайн нь байвал саар нь байдаг жишгээр сарны төлөвлөгөө танилцуулж, туйлдсан ард түмнийхээ дургүйг хүргэсэн, нэг хүн удирдаж, нэг ч бодлого боловсруулж үзээгүй, тэр ч бүү хэл гадаадын захын нэг коллежид сурсныгаа доктор болсон гэж ярьдаг, хуурамч намтартай докторууд ч мэр сэр дуулдана. Тиймээс бид эзэмшсэн мэдлэгээ төрийн бодлогод тусгаж, дуу хоолойгоо хүргэж ирсэн жинхэнэ эрдэмтэн, судлаачаа дэмжих нь зүйтэй. Тэгж гэмээнь дараа нь бид тэднээс боловсрол, шинэчлэл, дэлхийн хэмжээний өөрчлөлт, хөгжил, үндэсний хэмжээний лидер байх ёс зүй, шударга ёсыг нэхнэ.