Төв аймагт болсон үерийн улмаас хоёр хүн амь насаа алджээ
Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орсон. Борооны улмаас үер бууж хөдөө орон нутгуудад багагүй хохирол учирсан байна.
Энэ талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.Тамир "Өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний өдөр Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар түр зуурын усархаг аадар бороо орсон. Үүний улмаас дээрх хоёр аймгийн нутаг дэвсгэрт 6,067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн гэх мэдээллийн дагуу, онцгой байдлын байгууллага ажиллалаа. Онцгой байдлын байгууллагаас дээрх 21-ний үйл ажиллагаанд давхардсан тоогоор 81 алба хаагч, 25 техник хэрэгсэл, орон нутгаас 32 хүн зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерийн аюулаас 30 иргэний амь насыг аварсан байна. Гэвч Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн малдаа явж байхдаа үерийн усанд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан" гэв.
Б.Сувдаа