Хяналтын тооллого юу болов
Үүний дараагаас бие даагчид болон намуудын зүгээс ээлж дарааллан мэдэгдэл хийж, сонгуулийн үр дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, СЕХ гадаа очиж тайлбар шаардсан юм. Энэ бол өнгөрсөн баасан гарагт өрнөсөн үйл явц. Харин бямба гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдийг хүлээн авч “даалгавар” өглөө. Ерөнхийлөгчийн зүгээс “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.
Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.
Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ”хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд гар аргаар тооллого явуулахаар байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр болсон юм.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн хяналтын тооллого төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Албаны мэдээллийг СЕХ тун удахгүй өгөх юм. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
О.ОНОН