Н.Алтанхуяг: АН-ынхан одоохондоо хэлгүй юм шиг сууж байна
УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийг хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та Ерөнхий сайдаар үргэлжлүүлж ажиллах гэж байна. Танд тодорхой санал хэлье. Улс орон даяар юу болж байгааг мэдэхгүй. Сая Эрдэнэт хотод сонгуулийн ажлаар явж байхад хамгийн наад захын шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна гэж байна. Ийм улс гэж байж болдог л юм байх даа. Орхон аймагт намын харъяалалаас болж ажлаасаа халагдаад шүүхийн шийдвэр гараад 2,3 жил болж байгаа. Энэ хүмүүсийг буцааж ажилд нь хэзээ оруулах вэ? Монголд хууль хэрэгжих үү?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Үүнийг л бид баталгаажуулсан. Хууль хэрэгждэг төртэй байх ёстой. Үүний төлөө ажиллана.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би лоозонгийн шинжтэй юм сонсохгүй шүү. Бусад аймагт юу болоод байгааг мэдэхгүй байна. АН-ынхан тэгж байгаад хэлэх байлгүй дээ. Одоохондоо хэлгүй юм шиг л сууж байна. Намын харъяалалаар ажлаасаа халагдсан хүмүүсийг ажилд нь аваарай, Ерөнхий сайд аа.
О.ОНОН