Сэлэнгэд нөхөн сонгууль болох уу

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  2020 оны УИХ-ын сонгуульд  Сэлэнгэ аймгаас нэр дэвшин, олонхийн саналыг авч  гишүүнээр сонгогдсон. Улмаар СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.

 Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал  хоёр ч удаа хойшлогдсоны эцэст  өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, түүнийг гэм буруутайд тооцон, зургаан жилийн хорих ял оноолоо. Шүүхийн эцсийн шийдвэр Улсын дээд шүүх дээр гарах хэдий ч УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний суудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал яригдаж эхэллээ.

Монгол улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйл. Нөхөн сонгууль явуулах

77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.

/4.7.“Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно./

77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна гэж заасан байдаг.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button