Б.Гүнзаяа: Эрүүл байхад нойр, ус, хөдөлгөөн гурав хамгийн чухал

“Хүүхэд Эрдэнэ” сангийн тэргүүн, 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Б.Гүнзаяатай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Харин Б.Гүнзаяа хувь хүний хувьд ямар хүн бэ?

-Намайг урьсан та бүхэнд баярлалаа. Би Улаанбаатар хотод төрсөн. Ахлах сургуулиа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төгсөөд ИЗИС-д эрхзүйч мэргэжлээр сурч төгссөн.

-Анх хэдэн настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

-Ахлах сургуульд байхаасаа загварын тэмцээнд оролцдог байсан. Яг албан ёсоор олон улсын чанартай тэмцээнүүдэд 16 настайгаасаа оролцож эхэлсэн.

-Загварын салбарыг сонгосон шалтгаан тань юу вэ?

-Мэдээж эмэгтэй хүн учраас энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байсан. Аав маань намайг энэ салбарт ороход их нөлөөлсөн гэж боддог. Учир нь эмэгтэй хүн өндөр өсгийт дээр алхаж, гоё ганган хувцас өмсөх хэрэгтэй гэж аав минь их анхаардаг байсан. Гадаадын загварын шоунуудыг хүртэл үзүүлж намайг загварын ертөнцөд дурлуулсан.

-Таны бодлоор энэ салбар хүнд ямар төлөвшлийг олгодог юм бэ?

-Загварын салбарт 14, 15 настай охидын хувьд өндөр өсгийт дээр бэлтгэл хийнэ гэдэг их тэвчээр шаарддаг. Монголд гэлтгүй дэлхийд олон охид бүсгүйчүүд энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа. Тэднээс амжилтаараа ялгарч гарахын тулд их хүчин чармайлт шаардана. Тиймээс өндөр өсгийт дээр зөв цэгцтэй алхах, хувийн зохион байгуулалттай байх, үг яриагаа цэгнэх гэсэн олон чадварыг эзэмших хэрэгтэй болдог. Энэ болгонд шантралгүй тууштай байх хэрэгтэй. Миний хувьд энэ тал дээр мөн л аав минь их тус дэм болсон. Миний аав хөнгөн атлетикын тамирчин байсан. Намайг ойрын, холын зайд гүйлгэж хөнгөн атлетикын бэлтгэл хийлгэдэг байсан нь тэсвэр хатуужилтай болоход багагүй нөлөөлсөн гэж боддог.

-Таны оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн бэрхшээлтэй санагдаж байсан нь?

-Тухайн тэмцээн болгоны ард гарахын тулд их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Оролцож байсан тэмцээн болгон минь миний хувьд үнэ цэнэтэй. Монголоороо овоглож, Монголынхоо нэрийг гаргадаг учраас омогшиж, түүнийхээ хэрээр их хичээдэг. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг сүүлд оролцсон “Miss Universe” их хариуцлага шаардаж байсан. 97 орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэж алхана гэдэг нэр төрийн хэрэг байсан.

-Таны хувьд загвараас гадна ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байна вэ?

-Би “Хүүхэд Эрдэнэ” сангийнхаа үйл ажиллагаанд ихэнх цаг заваа зарцуулан ажиллаж байна. Сангаа байгуулаад гурван жил болжээ. Ээж минь 40 жил ардын багш хийж байгаа. Миний хувьд багаасаа л ээжийгээ дагаж хүүхдүүдтэй ажиллах арга барилд суралцсан. Тэдэнтэй цагийг өнгөрөөх их дуртай. Хүүхдийг хөгжүүлэх олон арга хэмжээ, сайн үйлсийн аянг сангийнхаа хүрээнд санаачлан зохион байгуулсан. Мөн залуу хүний хувьд бусдыгаа энэ чиглэлд уриалж ажиллахыг хичээдэг. Одоогоор хүүхдийн хөгжилд зориулсан америк стандартын хөтөлбөрийг Монголд нутагшуулан гурван жил ажиллаж байна. Тухайлбал, баруун, зүүн тархи хөгжүүлэх, нурууны бөгтөрийг засах төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж байна.

-Залуу үеийнхэнд өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Аз жаргалтай амьдралыг цогцлоох нэг хөдөлгүүр нь өөрийгөө хөгжүүлэх юм. Тэр хөдөлгүүр зогсолтгүй ажиллаж байвал амьдрал аз жаргалтай, утга учиртай байна гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлж, өөрийнхөө юу хүсч мөрөөддөг, юунаас таашаал авдаг гэдгээ мэдсэн цагт юу хийх хэрэгтэй чинь тодорхой болно. Шавь нартаа зориулж мөрөөдлийн самбар гаргасан. Үүн дээр юу хүсч мөрөөдөж байгаагаа ямар ч хэлбэрээр илэрхийлж болно. Энэ нь өөрийгөө хэрхэн хөгжүүлэхээ ойлгоход нь чухал нөлөө үзүүлдэг байгаа.

-Сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулахын давуу талыг та юу гэж боддог вэ?

-Сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг ганц хүний хийдэг зүйл биш гэдгийг ойлгосон. Олон хүнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хэлэх байх. Мэдээж сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулан тусламж хэрэгтэй хүмүүст хүрч ажиллаж түүнээсээ аз жаргал мэдэрдэг.

-Залуу үеийнхэнд хан-даж амьдралдаа заавал хэрэгжүүлэх ёстой гурван дадлыг нэрлэхгүй юу?

-Амьдралд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд байдаг. Тиймээс аль болох эрүүл мэнддээ анхаарч амьдралын зөв хэмнэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Нэгдүгээрт, нойроо сайн авч байх хэрэгтэй. Энэ нь амрах ёстой цаг хугацаандаа сайн амарч ажиллах эрч хүчээ авна гэсэн үг. Хоёрдугаарт, өглөө босоод заавал нэг аяга ус ууж байх хэрэгтэй. Энэ нь ходоодоо зөөлнөөр ажиллуулж эхлүүлж байгаа хэрэг. Гуравдугаарт, долоо хоногт хамгийн багадаа гурван удаа спортоор хичээллэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Өөрийн хүссэн ямар ч спортын төрөл байж болно. Хамгийн гол нь тогтмол байх нь чухал. Үүнийг хэрэгжүүлж чадвал гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж чадна гэдэгт итгэлтэй байна. Залуучуудыгаа илүү ихийг эрэлхийлж, шинийг санаачилж байгаарай гэж уриалж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Намуун

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button