Д.Нямхүү: 461 хүний шинжилгээ сөрөг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийн хийлээ. Тус халдвараар дэлхийд 14,8 сая хүн өвчилж, 617 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 213 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийтдээ 461 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Ер нь вирус тайлагдаагүй. Дэлхий судалж байна. Түрүүний эмчлэгдээд гарсан хүмүүс эргэж нэмэх гарч байгаа тэрийг судалж байна. Дахин сануулж хэлэхэд 10, 11 сард ирэх улирлын томуу хувирсан вирустай энэ үед их хэцүү байх болно гэдгийг бид тооцож маш их санаа зовж бэлтгэлээ хийж байгаа. Тийм учир улирлын томуугийн вакциныг маш олон тоогоор засгийн газарт захиж байна. Зуны хоёрхон сарын дэлгэр цагийг ашиглаж, дархлаагаа сайн дэмжиж, стресстэхгүй байх хэрэгтэй. Дэлгэр сайхан монгол орондоо өөрийгөө цэнэглэж аваад ирэх хүйтэн улирлыг тосч уулзацгаая гэж яриад байгаа нь учиртай. Хүн болгон хичээх юм бол бид амжилтанд хүрнэ. Ямар нэгэн хүн хичээхгүй, хариуцлагагүй хандах юм бол Солонгосын тэр ганцхан авгай л ямар их ямар их халдварыг түгээн тараасныг та бүхэн мэдэж байгаа. Нэг л хүнийг бид санаандгүй алдахад л маш их аюул бидэнд ирнэ гэдгийг хүн болгон өдөр болгон, өглөө болгон санаж босч ирэх хэрэгтэй” гэв.
Б.Сувдаа