Д.Нямхүү: 903 хүний шинжилгээ сөрөг гарч, нэг хүн эдгэрч дараагийн шатлалд шилжлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 15.633.000 хүн өвчилж, 639.000 хүн нас барж, 9.7 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.0 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 284 мянга гаруй хүн шинээр өвчилсөн нь цар тахал эхэлснээс хойш хамгийн их халдвар авсан өдөр боллоо. Дэлхийн хэмжээнд хоногт дунджаар 5 мянга гаруй нас баралт бүртгэгддэг байсан бол өчигдрийн байдлаар 9 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабортаори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 903 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийсэн. Бүх хүний хариу сөрөг гарсан. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. 31 настай эмэгтэй 32 хоног эмчлэгдээд гарсан. Ингээд нийт батлагдсан тохиолдол 288, эдгэрсэн 218, эмчилгээнд 70 хүн байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл 61 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна. Өнөөдөр 15:30 цагт Афганистанаас 120 гаруй энхийг сахиулагчид ирнэ. Энэ тал дээр бид онцгойлон анхаарч ажиллаж байна" гэв.
С.Тайшир