Дарханы замын үлгэрийг Л.Халтар сайд үргэлжлүүлэн бичнэ
Үүнийгээ ч салбар яамныхан хүлээн зөвшөөрч энэ онд Дарханы замын ажил дашин шог болж байгаа гэдгээ мэдэгдлээ хийжээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан.
Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Энэ дагуу 2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэсэн гэж байгаа. Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын хангалтгүй байдал нөлөөлсөн гэдгийг дуулгаж буй.
Нэг үгээр салбар яамныхан Улаанбаатар Дархан чиглэлийн замын ажил ийнхүү гацаанд орсныг цаг агаарын саатал, коронавируст халдвар, Хятад компаниудтай хамаатуулан тайлбарлах гэж оролдож байна. Гэтэл энэ бүхэн үнэн чанартаа ажлаа мэддэггүй, зохион байгуулалтгүй, урагшгүй яамны үнэн төрх байсан гэдгийг ухаарах хэрэгтэй. Үүнийг салбарын шинэхэн сайд анхааралдаа авахад илүүц биз.
Шинэ сайд Л.Халтар түүний нөхөд өнөөдөр тус замын ажлыг эхлүүлэхээр эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан оруулж тусгаарлаж, ажилд нь оруулсан. Мөн дараагийн ээлжийн ажиллах хүчийг оруулж ирэхээр бэлтгэл ажилдаа орсон гэх. Ийнхүү хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө хэрхэн хөрсөн дээр буухыг харах л үлдээд байна. Цаашид Улаанбаатар Дарханы чиглэлийн зам тавих үлгэр хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.
О.ОНОН