Н.Тавинбэхийн анхаарал татаж, асуудал дагуулж мэдэх ХОМ
Насаараа төрийн албанд зүтгэсэн Н.Тавинбэхийн хувьд хурааж хуримтлуулсан зүйл багагүй. Тухайлбал, Н.Тавинбэхийнх гэдэг айл хоёр мянга хол давсан малтай. Бүр тодруулбал 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаатай. Анхаарал татмаар зүйл бол Н.Тавинбэхийг малаа 423 сая төгрөгөөр үнэлсэн байх. 672 бод, 1740 бог малын үнэлгээ гэхэд тэнэг хүн ч итгэхээргүй тоо юм.
Мөн Н.Тавинбэх нь гурван орон сууцаа 235 сая төгрөгөөр үнэлсэн байна. Чухам ямар байршил дахь гурвын гурван орон сууц дээрх мөнгөн дүнгээр үнэлэгдэж байгаа нь эргэлзээ дагуулж байгааг хэлэх нь илүүц биз. Мөн Н.Тавинбэхийн ХОМ-тээ мэдүүлсэн эзэмшиж байгаа газрын үнэлгээ ч уншигч таны анхаарлыг татна. Түүний хувьд эзэмших эрх бүхий есөн байршилд 1-500 хүртэлх га газартай. Өнөөдөр бол Монгол Улсын нэг иргэн байтугай нэг нэг өрхөд 0,7 га газар олдоход бэрх болсон цаг. Гэтэл насаараа шахуу төрийн өндөр алба хашсан Н.Тавинбэх дарга 9 газарт маш их хэмжээний газар эзэмшиж, үүнийгээ байж болох хамгийн доод хэмжээгээр буй 21 сая төгрөгөөр үнэлсэн байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах биз.
Сайдынх жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 60 гаруй сая төгрөгийн хадгаламжтай, 270 сая төгрөгийн авлагаа авч чадалгүй гурван жилийн нүүр үзсэн. Мөн 200 шахам сая төгрөгийн зээлтэй. Энэ нь гурван жилийн турш нэг их буураагүй, нэг үгээр төлөлт бараг л хийгдээгүй гэсэн үг. Н.Тавинбэх Разно импекс нэгдэл ХК-ийн 21 хувийг эзэмшдэг тухайгаа ХОМ-доо мэдүүлж. Түүний хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын нэгэн адил албан тушаал ахихын хэрээр бэл бэнчингээ зузаатгаж авсан байгааг ХОМ-ээс харж болно.
О.ОНОН