МҮИС-ийнхан ЭХЭМҮТ-ийн газар луу халдлаа
Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудаснаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан манай байгууллагын хашааг эвдэж, ТӨВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАР ЛУУ ДАХИН ХАЛДЛАА. Эмч, ажилчдын төлөөлөл рүү МҮДС-ийн эдийн засгийн тэнхимийн багш гэх эмэгтэй 10 гаруй эрчүүд дагуулан гарч ирж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, манай харуул хамгаалалтын ажилчдыг зодох гэж дайрч бид цагдаад дуудлага өгч, хэрүүл маргааныг таслан зогсоолоо” хэмээн бичжээ.
Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний дээд сургууль гэх байгууллага Монголын хууль дээр сандайлсан, хууль зөрчигч байгууллага болон хувирсан. Өдөр бүр шахуу зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь үл мэдэгдэх шинэ анги нээж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Нэг үгээр сүүлийн жилүүдэд дипломтой ажилгүйчүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа газар бол МҮИС. Үүгээр дуусахгүй Зайсангийн аман дах газрын маргаантай асуудлаар БОАЖ-ын яамтай маргаан үүсгэсэн гэх мэт тус сургуулийг тойрсон хууль зөрчсөн асуудал дуусахгүй их. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын цор ганц гэгддэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн газраас хумслахаар ийнхүү дуулиан дэгдээв. Чухам хэн гээч эрх мэдэлтний заавар зөвшөөрлөөс тэд ийн Монголдоо ганц ЭХЭМҮТ-ийн газар луу санаархах зөвшөөрөл өгөв гэх асуулт анхаарал татаж байна. Тэд ийн хүч түрэн хашаа хатгах гэж улайран дайрч байгаа асуудлыг анхааралдаа авах цаг болоод байгааг хэлэх нь илүүц биз. Бүх л бүтэн улсын эмнэлгийн газарт хашаа хатгаж, хууль журмыг гишиглэж буй МҮИС-т төр төмөр нүүрээ харуулах цаг болсон гэдгийг сануулах нь илүүц биз.
Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
О.ОНОН