Н.Энхтайван сайдын үл хөдлөх хөрөнгө нэг тэрбум 907 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан, олон нийтэд тийм ч танил биш нэгэн бол Гадаад харилцааны сайд Н.Энхтайван юм. Ийнхүү гэнэт төрийн өндөр албан тушаалд томилогдсон Н.Энхтайван сайдыг улс төрийн хүрээнд хөрөнгөтнүүдийн эгнээнд бичигдэж байна. Тодруулбал, Н.Энхтайван сайдын үл хөдлөх хөрөнгө нь тэрбумаар үнэлэгдэж, жилийн орлого нь бараг хагас тэрбумд хүрч байна.

Анх УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар томилогдохдоо Н.Энхтайван сайд жилийн 10 гаруй сая төгрөгийн орлоготой байв. Харин өнгөрсөн 2019 онд жилийн 380 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 82 сая төгрөгийн орлого олжээ.

Н.Энхтайван сайдынх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай гурван байгууламж, нэг оффис, нэг гражтай. Эдгээр нь нэг тэрбум 907 сая төгрөгөөр үнэлэгддэг. Lexus, 470, Toyota Highlander маркийн хоёр машинтай, 250 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр газартай, 75 сая төгрөгийн хадгаламжтай, Эн Глори ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Түүний эзэмшил дэх Эн Глори компани нь гадаад худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг нь ч анхаарал татна.

Ийнхүү 20 гаруй жил төрийн өндөр алба хашсан шинэ сайд ХОМ-ээ дээрх байдлаар мэдүүлсэн байна. Жирийн нэг төрийн алба хашдаг нэгэнд бол мөрөөдөөд ч олдохгүй байр байшин, газар, эд хөрөнгийг сүүлийн 10 гаруй жил дарга, зөвлөхийн алба хашсан Н.Энхтайван сайд хурааж хуримтлуулж чадсан нь энэ.

 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button