Ховд аймагт нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаад байна
Аймгийн Онцгой комиссын наймдугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний нэг болон хоёрдугаар хавьтагч нарыг илрүүлж, нэгдүгээр хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна.
Үүний дагуу нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж буй бөгөөд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.
Өнөөдөр тус аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болгов.
Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.
О.ОНОН