А.Амбасэлмаа: 4 хүнээс коронавирус илэрч нийт тохиолдол 297 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 20 сая 440 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  745 мянган хүн  нас барж, 13 сая хүн эдгэрч гарсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 214 мянган хүн халдвар авч 4 мянга гаруй хүн нас бараад байна.  ДЭМБ Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан хүүхэд залуучуудыг коронавирусийн цар тахлаас сэргийлэх нөхцөл бололцоог бүрэн хангасны дараа үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67 мянга, Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн шинээр халдвар аваад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй харин 4 хүнд коронавирус илэрлээ. Энэ 4 хүн бол наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын нислэгээр ирсэн 2 иргэн /73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэй/, Алтанбулагийн боомтоор ирсэн 2 иргэн Орхон аймагт /24 настай эрэгтэй/, Дархан-Уул аймагт /65 настай эмэгтэй ОХУ-ын иргэн/ тусгаарлалтад байсан хүмүүс байна.  Нийт батлагдсан тохиолдол 297 тохиолдол боллоо. Үүнээс 269 нь эмчлэгдсэн, 44 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 32 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн, ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Өмнө нь  ХӨСҮТ-д элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай нэг хүн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд эмчлэгдэж байгаа тухай хэлж байсан. Энэ хүн маань 2020 оны наймдугаар сарын 12-ны  02:00 цагт нас барсан харамсалтай юм боллоо. Энэ хүн наймдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд байдалтайгаар ирж 11 хоногийн хугацаанд эмчилгээнд байсан. Коронавирусийн халдвараар нас бараагүй бөгөөд 4 удаагийн шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй харин хүнд хавсарсан өвчний улмаас нас барсан" гэв.

С.Тайшир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button