Д.Нарангэрэл: Хятад улсын 2 мужид импортын хөлдөөсөн хүнснээс коронавирус илрүүлээд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 20 сая 718 мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 752 мянган хүн нас барж, 13 сая гаруй хүн эдгэрч гарсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 276 мянган хүн халдвар авч 6 мянга гаруй хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 64 мянган хүн, Бразилд 60 мянган хүн, АНУ-д 56 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар тархсан 3 орон болоод байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх хэрэгтэй байгаа ч гар угаах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх шаардалагатай гэж үзэж байгаа бөгөөд дэлхий нийтэд боловсролын байгууллагад суралцагсдын 43 хувь нь гараа угаах нөхцөл боломжоор хангагдаагүй байгаа юм байна.
АНУ болон Итали улсын эрдэмтдийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн хамар залгиурт насанд хүрсэн хүнийхээс 10-100 дахин илүү вирус агуулагддаг бөгөөд хүүхдүүд хөнгөн балархай хэлбэрээр өвддөг ч халдвар тараах эрсдэл өндөр байдаг. Мөн 14 хүртэлх насны хүүхдүүд насанд хүрэгчдээс 2 дахин их вирус тээдэг гэсэн байна. Хятад улсын 2 мужид импортын хөлдөөсөн хүнснээс коронавирус илрүүлээд байна. Энэ нь Бразилаас Шинжань хот руу импортолсон тахианы далавчнаас, Эквадороос Анхунь муж руу импортолсон сам хорхойноос коронавирус илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 297 тохиолдол боллоо. Үүнээс 269 нь эмчлэгдсэн, 46 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 270 хүн, ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 26 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.
С.Тайшир