А.Амбасэлмаа: Өнөөдөр 2 хүн эдгэрч гарсан, ХӨСҮТ-д 20 хүн эмчилгээнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 21 сая 813 мянган хүн энэ өвчнөөр өвчилж,  781 мянган хүн  нас барж, 14 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 267 мянган хүн халдвар авч 5 мянга гаруй хүн нас бараад байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 54 мянган хүн, Бразилд 19 мянган хүн, АНУ-д 41 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар тархсан 3 орон болоод байна. ОХУ-д 4892 тохиолдол шинээр бүртгэгдэж 55 хүн нас барсан, БНХАУ-д 98 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. БНСУ-д 246 хүн шинээр халдвар авсны 11 тохиолдлыг гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна.

АНУ-ын эрдэмтэд коронавирусийн халдвар авсан 55 мянган  хүнд дүн шинжилгээ хийж үзэхэд дараах 5 шинж тэмдэг хамгийн түрүүнд илэрч байжээ.

1.халуурах

2.ханиах

3.булчин өвдөх

4.дотор муухайрах

5.гүйлгэх

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа   “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори  болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 586 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.   Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатлал руу шилжлээ.  Энэ 2 хүн 27,28 настай энхийг сахиулагчид юм.  Нийт батлагдсан тохиолдол 298 байгаа. Үүнээс 278 нь эмчлэгдсэн, 49 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн, ХӨСҮТ-д 20 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүнээс 18 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button