БСШУБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргалаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.08.18/ хуралдаан 10 цаг 25 минутад 77.8 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. 

Хуралдааны эхэнд Байнгын хороооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдааны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хуралдаандаа хүрэлцэн ирсэн болон ирээгүй  гишүүдийг сонгогдсон тойрог, нэрээр нь танилцуулах заалтын дагуу хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийг танилцууллаа.  

Ингэснээр хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.  

Төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Танилцуулгадаа … дурьдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого  10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байгааг тэмдэглэлээ. 

Танилцуулга, төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Ж.Чинбүрэн, П.Анужин, Т.Энхтүвшин, Ч.Ундрам, Б.Жаргалмаа нар хууль санаачлагч болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах  төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан.

Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ё.Баатарилэг, Ч.Ундрам, П.Анужин нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэллээ.  

    Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн гаргасан Төсөл арга хэмжээний нэр өөрчлөх буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдаж авах гэснийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд цэцэрлэгийн барилга барих гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгө оруулалтын урсгал зардалд 8.8 тэрбум нэмэгдүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас буюу салбарын хөрөнгө оруулалтын санхүүжих дүнгээс мөн хэмжээний мөнгийг хасах гэснийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын гаргасан бараа, хангамж материалын зардал 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг боломжоороо танаж хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг нэмж тусгах саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэрлэсэн хоёр настай  хүүхдүүдийн зардлаас хасаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг нэмэгдүүлэх саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь тус тус дэмжлээ.

    Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их  Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button