ХБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ

Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны  /2020.08.18/ хуралдаан 77.1 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас хуралдаанд оролцож буй гишүүд болоод ажлын хэсгийнхэнд санууллаа. Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой санал байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг тавих тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субъектив  санаа зорилго агуулсан зохицуулалт болсон тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа  “ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  71,4 хувь нь дэмжиж хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн үзлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр Коронавируст халдварын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоогүй их хэмжээний хохирол учруулж улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4 өөс -6 хувьд хүрэхээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст -9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэж байгааг танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ цар тахлын үеийн төсөв гэдгийг Засгийн газар бүрэн ойлгож, зарлагыг барихыг санууллаа. Ингээд өөр үг хэлэх гишүүн байгаагүй, зарчмын зөрүүтэй санал гарсангүй тул Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын  хороонд УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button