Таван том банкны төлбөр тооцоо саатаагүй, үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ сарын 18-нд буюу өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө байршиж буй арилжааны хоёр томоохон банк эрсдэлтэй байгаа талаар дурьдсан.

Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргаж байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны сектор бол маш эмзэг, итгэлцэл дээр тогтдог. Монголын банкны секторь 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байна. Нийт зээлийн хэмжээ 20 гаруй их наяд.  Их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагт эргэлдүүлж байдаг чухал салбар.  

Санхүүгийн салбарын 90 хувь нь банкны салбар дээр тогтож байдаг. Монголд системийн нөлөө бүхий 5 банк бий. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг. Өчигдрийн мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийхэд Монголбанк хуулийнхаа хүрээнд банкны хяналт шалгалтаа тавьж байгаа. Банкны салбар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.  Монголбанкны зүгээс тэднийг тухайн мэдээ материалаа санамсаргүйгээр буруу тайлбарласан гэж харж байгаа. Таван том банкин дээр Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 900 тэрбум төгрөг байршиж байна. Ямар ч төлбөр тооцоо саатаагүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа” хэмээн мэдэгдлээ. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button