Б.Энхбаяр: Хэний захиалгатай хууль гэнэт ороод ирэв

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэний захиалгатай хууль гэнэт ороод ирэв. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй хууль яаралтайгаар яагаад ороод ирэв. Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах хооронд нь сэлгэх эрх өгөх гэж байна. Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд шүүх хараат бус бие даасан байна гэж заасан. Шүүх хараат бус гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байх явдал ч ордог. Шүүгч нараас авсан судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс нь шүүгчид өөрсдөө гэж гарсан. Гэтэл үүнийг баталгаажуулах гэж байна. Улсын дээд шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ хэнийг оруулах вэ гэдгийг шийдэх эрхийг Ерөнхий шүүгчид өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчийг өөр танхим руу явуулах гэж байна. Шүүхийн тухай хуульд өнөөдрийг хүртэл явж ирсэн жишиг бол тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг Ерөнхий шүүгч мэдэхгүй байх зарчмыг суулгаж ирсэн. Цахимаар, сугалаа байдлаар хэргийг хувиарлаж байсан. Тухайн хэрэг дээр шүүгчийг хараат байдалд оруулдаг гол үндэслэл. Юунд бэлтгээд байгаа юм бэ? Ямар хүмүүсийн хэрэг дээд шүүх дээр очих гээд тэнд хонгил үүсгэх гэж байгаа юм бэ? Ийм учраас үүнийг захиалгатай юу гэж асууж байна. Дээд шүүхийн Тамгын даргаас асууя. Улсын дээд шүүхийн Иргэний танхим яг одоо хуралдаж байгаа юу? Хууль санаачлагчийн зүгээс ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байгаа гээд энэ хуулийг оруулж ирсэн. Миний ойлгож байгаагаар улсын дээд шүүхийн иргэний танхим 8 шүүгчтэй Үүнээс таван шүүгчийн Ерөнхийлөгч түдгэлзүүлээд хоёрыг нь сэргээсэн. Иргэний танхим 5 шүүгчтэй болчихсон гэж ойлгож байгаа. Таван шүүгч бол хэргээ хянан шийдвэрлэх хангалттай бүрэлдэхүүн. Гэтэл яагаад энэ хууль дээр ташаа мэдээлэлтэй хууль санаачилж оруулж ирж байгаа юм бэ?
Хууль зүй дотоор хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ гэнэт орж ирээгүй. 2019 оны сүүлээр өргөн баригдсан хуулийн төсөл. Өнгөрсөн парламент хэлэлцэх гэж байтал шинэ Шүүхийн тухай хууль орж ирсэн. Тухайн үед Засгийн газар бичиг явуулаад энэ төслөө. Харин шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлтэл тодорхой хугацаа орж байгаа юм. Энэ бол маш олон мянган иргэдийн эд хөрөнгийн маргааны асуудал эцэслэгдэхгүй байгаа. Үүнээс бол БСБ-уудад хүндрэл дарамтууд үүсээд байгаа бодит хэрэгцээ шаардлага дээр үндэслэж байгаа юм. Хэргийн оролцогчид нэг шүүгч, бүрэлдэхүүнээс татгалзахад өөр шүүгчийн бүрэлдэхүүний нөөц байхгүй болчихоод байгаа. Танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах замаар хоёр бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажлыг зэрэг явуулж 2400 хэргийг шийдвэрлэх агуулгаар орж ирсэн.
Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв: Монгол шүүх анхан шатны журмаар 65 орчим мянган хэрэг шийддэг. Одоогоор Иргэний танхим 5 шүүгчтэй хуралдаж байна. Харин өвчтэй, чөлөөтэй, татгалзсан, түдгэлзсэн тохиолдлуудад бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Х.Нямбаатар гишүүн ээ, таны хуульд гараа дүрдэг явдал хэрээс хэтэрч байна. Та 2017 онд Хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Үүнээс үүдээд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гэмт хэрэгтэн ял завшсан. Та Зөрчлийн хуулийг өөрчилсөн. Үүгээр Монголын тал ирсэн торгуулчихаад явж байгаа. Та хууль өөрчлөхдөө хуульчийн биш улстөрчийн нүдээр харж байна.
Ийнхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлсний дараа Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.
О.ОНОН