Хоёр настнуудад зориулсан хоёр тэрбум батлагдлаа

 Коронавируст халдвартай холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй болсон. Гэвч хоёр настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байна. Нэгэнт хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй учир ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэлтэй болоод байв. Харин өчигдрийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх заалтыг төсвийн тодотголд тусгалаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Энэ үеэр Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Ингэснээр Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөг нэмж тусгагдахаар болсон юм. 

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагч

5.1.Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.

5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.

6 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага

6.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 13.1-д заасан үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.

6.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

6.2.1.байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;

6.2.2.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;

6.2.3.байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;

6.2.4.гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;

6.2.5.гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.6.байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.7.байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.

6.3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.

6.4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.

6.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно.

6.6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

6.7.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг

9.1.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана.

/Энэ хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна.

9.3.Хүүхэд харагч хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийн 10.2-т заасан хэмжээнд багтаан төлбөр авч болно.

9.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно.

О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button