Эрх баригчид аа, хоёр настнуудаар шоудах хэрэггүй

Маргааш 2020-2021оны хичээлийн жил нээлтээ хийнэ. Цар тахалтай холбоотойгоор хичээлийн жилийн нээлтийг өмнөх жилүүд шиг сүр дуулиантайгаар хийхгүй. Мөн цар тахалтай холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хоёр настууд гэртээ үлдэнэ. Тэднийг хувь хувьсгалын аль ч цэцэрлэг авахгүй. Улсын цэцэрлэг яах вэ, ачааллаа дийлэхгүй, анги дүүргэлт хэтрэлттэй. Гэтэл улсаас хувийн цэцэрлэгт ч хоёр настнуудыг авахыг хориглосон. Хэрэв хоёр настнуудыг авах юм бол тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэх лүндэнг холбогдох байгууллагууд буулгасан гэж байгаа. Ийнхүү хоёр настнууд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхгүй болж байна гэсэн үг.
Нийслэлийн хэмжээнд 671 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс төрийн өмчийн 230, хувийн өмчийн 441 цэцэрлэг байгаа тухай тоо баримт бий. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүдийн хүртээмж хангалттай гэсэн үг. Улсын цэцэрлэгүүдийг бодвол анги дүүргэлт ч хэвийн. Гэтэл эрх баригчид энэ боломж нөхцөлийг харгалзан үзсэнгүй.
Яг үнэндээ тэдний талархал хүсээд, олонхын санал авснаа гайхуулаад байгаа өдөр өнжүүлэх эцэг эхчүүдийн шаардлагад нийцдэггүй. Мэргэжлийн бус, стандартгүй, эрүүл аюулгүй эсэх нь эргэлзээтэй айлын өрөөний мухарт хүүхдээ тэр тусмаа хоёр настнуудаа үлдээгээд явах эцэг эх ховор. Үүнийг цахим орчинд ээжүүд эсэргүүцэж эхлээд байна.
Ээжүүдийн зүгээс “Мэргэжлийн багш, камертай цэцэрлэгт хүүхэд зодоод байхад камер ч байхгүй стандарт бус орчинд хүүхдүүдээ харуулна гэдэг хэцүү”, “Цэцэрлэг коронатай, хүүхэд харах үйлчилгээ корона байхгүй гэсэн үг үү”, “Мэргэжлийн стандарттай газар хүүхдээ явуулмаар байна”, “Хоёр настнуудыг өдөр өнжүүлэхэд явуулахыг зөвшөөрч байгаа бол цэцэрлэгт явахыг ч зөвшөөр. Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгсөн нь илүү дээр”, “Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад хоёр тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг барил даа”, “Хувийн цэцэрлэгүүдээ хэвийн ажиллуулъя” гэх мэтээр ээжүүд цахим орчинд мянга мянгаараа хүүхэд харах үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Ийнхүү ямар судалгаа, тооцоогүй гаргасан эрх баригчдын шийдвэр ээжүүдийг бухимдуулж эхэллээ. Нэг үгээр эрх баригчдын хоёр настнуудад зориулсан хоёр тэрбум шоу байгаа оносонгүй.
О.ОНОН