Улсын алдарт уяач цолтой ТЕГ-ын дарга П.Одонбаатар гэж хэн бэ

Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сард өгсөн. Иймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус байгууллагын дараагийн даргын томилгоог хийлээ. Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилдог.

Энэ дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргаар тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатарыг томиллоо. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай. 

П. Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.

Шинэ томилогдсон даргын хувьд хууль хүчний байгууллагад ажилласан намтартайгаас гадна улсын алдарт уяач цолтой. Түүний уралдуулсан хурдан хүлгүүд аймаг, бүсийн уралдаанд хэдэнтээ айраг түрүү авсан байдаг. Энэ ч үүднээс П.Одонбаатар нь сүүлийн жилүүдэд уяач улстөрчидтэй илүү ойр байсан нэгэн. Энэ тухайгаа тэрбээр “Адууны буянаар олон сайхан найз нөхөдтэй болсон” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Түүнийг энэхүү албан тушаалд томилогдоход нутгийн “сайн ахын” нөлөө байсан гэх эх сурвалжуудын мэдээлэл байна.

Ямартай ч сүүлийн үед сайнаасаа илүү сараар дуудагдах болсон Тагнуулын байгууллагыг алдарт уяач, хурандаа П.Одонбаатар толгойлох нь.

 

 О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button