Эх орондоо ирээд эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч биелүүл, тусгаарлагдсан иргэд ээ!

Мөн өнөөдөр эх орондоо ирээд тусгаарлагдсан хүмүүс гадаадад гацсан Монголчуудаа эх оронд нь оруулахыг шаардаж, өдрийн цай хоолны цагаар хаалган дээрээ гарч УОК т иргэдээ хурдан татах болон ажлаа эрчимжүүлэх шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлээд амжиж…
Ийнхүү тэд зоргоороо аашилж, эрхээ эдлэв. Харин одоо үүргээ ухамсарлах шаардлагатай байна гэдгийг сануулан хэлье.
Тусгаарлагдсан иргэн таныг тээвэрлэн ирэх, ирэхэд нь тусгаарлах, шинжилгээнд хамруулах гээд уртаас урт шат дамжлага бүхий нүсэр их ажлын ард хичнээн олон алба хаагчид цаг наргүй ажиллаж байгааг юун түрүүн сануулъя. Дэлхийн өнцөг булан бүрт тархсан Монголчуудаа эх оронд авч ирэхээр тэд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байна. Ингэхдээ эх орондоо аймшигт цар тахлыг тархаахгүй, дотооддоо алдахгүй байх бүхий л нөхцөл боломжийг хангаж буй. Зорилгоо ч биелүүлж байна. Тэд хичээж, тэдний хүчээр Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй цөөхөн орны нэг болж чадсан.
Гэхдээ тайвшрах цаг биш. Дэлхий нийт даяар түгшүүрт, масктай өдрүүд үргэлжилж байна. Гэтэл та бүхэн 21 хоногийг эсэргүүцэж, УОК-оос хариуцлага нэхэх нь хэр оновчтой вэ? Тусгаарлалтын 19, 20 дох хоног дээрээ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Ийм учраас ард иргэдээ аюулт тахлаас хамгаалахын тулд төр, төрийн албан хаагчид боломжоороо ажиллаж байна.
Туниж, тунирхаж, ялархах цаг биш. Одоохондоо эх орны чинь боломж нөхцөл энэ. Тэд хичээж байна. Иргэн бүрээ эх орондоо авчрахаар зүтгэж байна. Иймээс эх орондоо ирээд эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч биелүүл, тусгаарлагдсан иргэд ээ!!!
О.ОНОН